Бизнесийн орчноороо дөрвөн байр урагшилжээ
Дэлхийн банкнаас гаргадаг ”Бизнес эрхлэлт 2014: Жижиг, дунд үйлдвэрийн эрх зүйн зохицуулалтыг ойлгох нь” тайланд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 25 орноос 15 нь бизнес эрхлэхийг хялбар болгох үүднээс нэг болон түүнээс дээш эрх зүйн шинэтгэл хэрэгжүүлсэн байна. Харин Монгол Улс 2012-2013 оны зургадугаар сар хүртэл гурван бизнесийн шинэтгэл хэрэгжүүлснийхээ дүнд өнгөрсөн жилээсээ дөрвөн байраар урагшилж, 76-д бичигджээ. Тэгвэл дээрх тайлангийн нэгдүгээрт Сингапур улс нь дотоодын бизнес эрхлэгчдэд бизнес эрхлэхэд хамгийн таатай эрх зүйн орчинтой хэмээн орсон байна. Харин түүний дараа Хятадын тусгай захиргааны бүс болох Хонконг оржээ. Үүний араас Шинэ Зеланд, АНУ, Дани, Малайз, Өмнөд Солонгос, Гүрж, Норвеги болон Их Британи улсууд тус тус бичигдсэн аж.
Монгол Улсын тухайд шинээр хэрэгжүүлсэн гурван ажлын талаар тодруулбал, компанийн дүрмийг нотариатаар гэрчлүүлэх, орон нутгийн татварын албанд бүртгүүлэх шаардлагыг халснаар шинэ бизнес эрхлэхэд илүү хялбар болгосон байна. Түүнчлэн эрсдэл багатай барилгын зураг төслийг улсын байгууллагын техникийн хяналтаар оруулах журмыг хүчингүй болгожээ. Харин гурав дахь шинэтгэл нь эрчим хүчинд холболт тавих өртгийг бууруулахын зэрэгцээ үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлсэн аж.
Олон улсын санхүүгийн корпорац/ОУСК/-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туеэн Нгуэн “Монгол улс хоёр жил дараалан гурван эерэг бизнесийн шинэтгэл хийсэн нь дотоодынхоо бизнесийн орчинг сайжруулах, ялангуяа жижиг бизнесүүдэд ээлтэй болгохыг тууштай зорин ажиллаж байгааг харуулж байна” гэж хэлэв. Тус корпораци нь Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн шинэтгэлийг дэмжих, бизнесийн шинэтгэлийн талаар зөвлөмж өгөх зэргээр хамтран ажилладаг байна.
Дашрамд дурдахад бизнес эрхлэх нь тайлан нь Дэлхийн Банк болон ОУСК-ын хамтран гаргадаг гол тайлан юм байна. Тайлангийн үр дүн нь дэлхий даяар бодлогын хэлэлцүүлэг явуулах, компанийн эрх зүйн зохицуулалт болон улс орны эдийн засгийн үр дүнгийн харилцан уялдааны чиглэлээр явуулж буй судалгааг эрчимжүүлсэн аж. Энэ жилийн тайлан нь Бизнес эрхлэх нь тайлангийн 11 дэх дугаар ба нийт 189 орныг хамруулжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ