Хоол хүнсний хомсдолд 9000 орчим хүн оржээ
Сирийн нийслэл Дамаскийн ойролцоох босогчдын хяналтад буй бүсийн оршин суугчид өлсөж үхэхийн ирмэгт ирсэн тухай Сирийн сөрөг хүчний Үндэсний эвсэлээс мэдэгдлээ. Муадамияат аль-Шамын тосгоны түлш, хүнсний нөөц дуусч, 9000 орчим хүн хоол хүнсний хомсдолд ороод байгаа аж.
Тураалдаа орсон хүүхдүүдийн дүрс бичлэгийг Засгийн газарт өнгөрсөн сард харуулсан ч одоо хүртэл арга хэмжээ авахгүй хэвээр байгаа юм. Зэвсэгт тэмцэлд төдийгүй өлсгөлөнгийн улмаас ганцхан сарын дотор 500 гаруй иргэн амиа алдсан гэнэ.
Дэлхийн зөн олон улсын байгууллагааас “Сири улсын дөрвөн сая гаруй иргэний талаас илүү хувь нь хүүхэд аж. Тэдгээр хүүхдүүдэд хүрэлцэх хангалттай цэвэр ус, хоол тэжээл байхгүйгээс гадна, хүнсний бүтээгдэхүүн нь тэнгэрт тулсан үнэтэй” байгаа талаар мэдэгджээ. Хүмүүс хатаасан мэлхий, өвсний үндсээр л хооллож байгаа гэнэ. Хүүхдүүд амандаа хийж болохоор бол юу ч хамаагүй идэж, үүний улмаас гэдэсний өвчин газар авсаар байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ