Г.Занданшатар: МАН-ын дахин сэргэлтийн хурал боллоо
МАН-ын даргыг сонгох санал хураалтын ажиллагаа үргэлжилж байна. МАН-ын XXVII их хурлын үйл явцын талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Манай намын их хурал эвлэрэл, эв нэгдэл, ард түмний санал дээр тулгуурлан, дотоод ардчилалтайгаар явагдаж байна. Намын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх салбар хуралдаанаар 153 төлөөлөгч санал хэлж, 100 гаруй нь үг хэллээ. Хэлэлцүүлэг амжилттай өрнөсөн. Тиймээс энэ удаагийн их хурал МАН-ын дахин сэргэлтийн үеийг авчирлаа. Бид бодлогоо зөв тодорхойлж, үйл ажиллагаандаа шинэчлэл хийлээ. МАН-ын даргад нийт таван нэр дэвшигч өрсөлдсөнөөс гурав нь нэрээ татсан. Одоо УИХ-ын дэд дарга М.Энхболд, Шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч Т.Аюурсайхан нар тунаж, төлөөлөгчид нууц санал хураалт явуулж байна” гэлээ.
1
Их хурлын танхимаас нэрийг нь дэвшүүлсэн МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Миний нэрийг намын даргад дэвшүүлж байгаад талархалтай байна. Гэхдээ би удаа дараагийн сонгуульд намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээх ёстой. Харин дараагийн удирдлагатай гар нийлж ажиллана” гэсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Би хүн чанар, намын цаашдын хөгжил, бодлогыг дэмжих үүднээс нэрээ татаж байна” гэжээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Би залуу хүн. Надад туршлага нимгэдэнэ. Намын дарга хүн туршлагатай, эв нэгдлийг зангиддаг эрхэм байх ёстой” хэмээн тус тус нэрээ татжээ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ