Иргэдийн төлөөлөгчид зөвлөлдөж байна

Зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд нээж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгч, сонгуульд ажилтнуудын арга туршлагыг харилцах солилцох, нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой зөвлөгөөн гэдгийг онцолсон.
Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей зөвлөгөөний нээлтэд оролцох үеэр УИХ, Засгийн газраас нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд анхаарч дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн онд явагдсан орон нутгийн хурлын сонгуулиар байгуулагдсан бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 80 шахам хувь анх удаа сонгогдсон байна. Иймээс тэднийг чадавхижуулах үүднээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа. Төслийн хүрээнд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдөд зориулсан үндэсний хэмжээний сургалтын сургагч багш нарыг бэлтгэх тав хоногийн сургалт зохион байгуулсан. Шинээр бэлтгэгдсэн эдгээр сургагч багш нар нь аймгийнхаа нийт сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сургалтыг энэ оны арваннэгдүгээр сард болон 2014 оны нэг, гуравдугаар сард үе шаттайгаар зохион байгуулна гэлээ.
Түүнчлэн тус байнгын хороо Төв, Хэнтий, Ховд аймаг блон нийслэлийн зарим дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, гаргасан саналыг хууль тогтоомжид тусгах, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна. Энэ үүднээс байнгын хорооноос саяхан тогтоол гаргаж, нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Засгийн газарт зарим даалгавар чиглэл өгөөд байна гэдгээ зөвлөгөөнд оролцогчдод дуулгалаа.
Дараа нь УИХ-ын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Д.Батцогт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдвээр итгэл тавилаа. Мөн удирдахуйн ухааны доктор С.Нармандах “Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэчлэлийг гүнзгийрүүлж чадваржуулах нь”, УИХ-ын Тамгын газрын зөвлөх О.Тунгалаг “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг чанаржуулах нь” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Иргэдээсээ сонгогдож байгуулагддаг, иргэдийнхээ төлөө ажилладаг өөрөө удирдах байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулиар бүтэц, тогтолцоо, чиг үүрэг нь баталгаажсан байдаг. Энэ байгууллага нь сум, дүүрэг, баг, хороныхоо эдийн засаг, нийгмийн олон талт асуудлыг хуулийн хүрээнд иргэдийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн бие даан хэлэлцэж шийдвэрлэдэг бөгөөд зөвлөгөөний төгсгөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нутгийн удирдлагын дэд хороонд хандаж, санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Монголын нутгийн удирдлагын холбоонд хүсэлт болгох аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ