Г.Өлзийбүрэн: Жижиглэнгийн үнэ бага зэрэг өснө

img

Газрын тосны газар Хятадын “Петро чайна интернэшнл” компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ нь Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ нэмэгдэж буйтай холбоотойгоор тус улсаас нийлүүлэх АИ-93 шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай юм. Тодруулбал, манай улс урд хөршөөс сардаа 10 орчим мянган тонн хүртэлх шатахуун татан авах төлөвлөгөөтэй байсан бол уг санамж бигийн хүрээнд өсөн нэмэгдэж буй дотоодын хэрэгцээгээ хангах, жижиглэнгийн үнийн өсөлтийг зохицуулах боломж бүрдэж буй билээ. Энэ талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс тодрууллаа.

_

-Хятад руу гаргах газрын тосны хэмжээ хэр нэмэгдэж байгаа вэ?

-Өнгөрсөн жил манайхаас 480 мянган тонныг авч байсан. Энэ жил Тамсагийн сав газраас 580 мянга, үүн дээр Зүүнбаянг нэмээд нийт 650 мянган тонныг авах болов уу гэсэн тооцоотой байна. Харин 2014 онд 800 орчим мянган тонныг гаргах төлөвлөгөөтэй байна. Энэ газрын тосны хэмжээ өсөн нэмэгдэж буйн хэрээр урд боловсруулж буй шатахууны хэмжээг нэмэгдүүлэх талаар тохироод ирлээ. Замын-Үүдийн шилжүүлэх ачих ангийн хүчин чадал 3-4 дахин нэмэгдэж буй нь мөн бидэнд ийм боломжийг бүрдүүлж байна.

2016, 2017 он гэхэд манай улс нэг сая 600 орчим тонн газрын тос олборлож, экспорлохоор төлөвлөж байна. Энэ үед бид дотооддоо Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьчихсан байхаар төлөвлөж байгаа. Тэгвэл бид дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах боломж бүрдэнэ.

.

-Газрын тос олборлолт нэмэгдэж буйтай холбоотойгоор АИ-93 шатахуун дотоодын хэрэгцээний хичнээн хувийг эзлэх вэ?

-Бидний харж буйгаар манай улсын зах зээлийн АИ-92 бензиний 25-27 хувийг АИ-93-ийн нийлүүлэлт эзэлж байгаа. Үүнийг бид 40-50 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ нь ирэх жилийн хавраас биеллээ олоод эхэлнэ. Гэхдээ шууд нэмэгдчихгүй, аажмаар өсөх болно.

_

-Нийлүүлэлт нэмэгдсэнээр шатахууны үнэ цаашдаа тогтвортой байх уу?

-Бид шатахууны үнийг газрын тосны үнэтэйгээ уялдуулсан байгаа. Бид газрын тосоо дэлхийн зах зээлийн үнээр борлуулдаг. Шатахууны үнийн хувьд ч валютаар тооцоод харахад боломжийн үнээр худалдан авч байна. Харин цаашид валютын ханш тогтвортой байх эсэхээс жижиглэнгийн үнэ өсөх үгүй нь шалтгаална.

Бид жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах үүднээс ажиллаж байгаа. Та бүхэн харж буй байх. Валютын ханш маш их савлаж байгаа ч үнэ харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ энэ нь өөрчлөгдөхгүй гэсэн үг биш, том савлагааг үүсгэхгүйгээр бага зэргээр үнэд өөрчлөлт орно. Өөрөөр хэлбэл, ард түмний нуруунд том ачаа үүрүүлж, цочрол болохгүйгээр нөхцөл байдлаас хамаараад бага багаар нэмнэ.

.

-Шатахууны нөөц ямар байгаа вэ?      

-Энэ сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа. Үүнд А-80 автобензин 29, АИ-92 автобензин 38, Дизел түлш 32, ТС-1 31 хоногийн нөөцтэй байгаа.

.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Wwwww:
Mal mini une nemvel zailaarai
2013-10-30
Гашуун:
одоо л хаана хаанаа ажлаа хийж эхэлж байна даа овоо шүү
2013-10-30
Үнэн:
Шатахууны үнийг нэмэх үндэслэл байхгүй шүү.
2013-10-30