Улаанбаатарын ус асуудалгүй
“Улаанбаатарчууд ямар ууж байна вэ” сэдэвт хэлэлцүүлэг “Blue sky”-д боллоо. Ус сувгийн удирдах газар, Ногоон эдийн засгийн өсөлт ТББ, Mongolian economy сэтгүүлээс хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт энэ салбарын 60 гаруй төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт УСУГ-ын дарга С.Үнэн “Улаанбаатар хотын ундны усны нөөц эх үүсвэр, хангамж”, Усны төв лабораторийн эрхлэгч Б.Урнаа “Ундны усны халдваргүйжилтийн арга техник, одоогийн халдваргүйжилтийн аргад тулгамдаж буй асуудлууд, цаашдын гарц” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Улаанбаатарчууд усны нөөцийн 60 гаруй хувийг ашигладаг бөгөөд хоёр эх үүсвэрийг шинээр нээжээ. Энэ ондоо багтаан Гачууртын эх үүсвэрийг ашиглаж эхлэх бол ирэх жилээс Яармагийн шинэ үүсгэвэрээс усаа татаж эхлэх аж. Хэдийгээр усны нөөц хангалттай байгаа ч 2017, 2018 оны үед хүндрэл үүсч болзошгүйг УСУГ-ын дарга С.Үнэн илтгэлдээ дурдаж, нийслэлийн ус чанарын шаардлага хангасан цэнгэг ус, өөрөөр хэлбэл санаа зовохгүйгээр ундандаа хэрэглэж болно гэдгийг Усны төв лабораторийн эрхлэгч Б.Урнаа онцолсон юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ