ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Монголд айлчилж байна

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуягийн урилгаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Кгалема Мотланте Монгол Улсад албан ёсоор айлчилж байна. Өмнөд Африкийн Дэд Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь хоёр улс 1994 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хийгдэж буй анхны дээд түвшний айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч К.Мотланте нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, ӨАБНУ хоорондын харилцааны өнөөгийн түвшин, 2014 онд тохиох дипломат харилцааны 20 жилийн ойн хүрээнд хоёр улсыг сурталчлан таниулах арга хэмжээнүүдийг зохион байгуулах, хоёр орны төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын  хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, уул уурхай, эрчим хүч, спорт, аялал жуулчлал, байгаль орчны салбарт хамтран ажиллахаас гадна иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, нүүрс шингэрүүлэн түлш гаргах технологийг судлах өргөн боломж буйг тэмдэглэж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан дэмжиж ажиллах байр сууриа илэрхийлсэн байна. Мөн харилцан ЭСЯ-аа нээх асуудлаар санал солилцож, ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор тохиролцжээ.

Улмаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой уулзаж, хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэйг тэмдэглэн,  хууль тогтоох байгууллагууд болон тэдгээрийн Тамгын газар хооронд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, парламент хооронд туршлага солилцох талаар санал солилцсон байна. Дэд Ерөнхийлөгч К.Мотланте маргааш  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана.

Өмнөд Африкийн Дэд Ерөнхийлөгчийг тус улсын Эрдэс баялаг, Худалдаа, аж үйлдвэр, Эрчим хүчний дэд сайд нарын албаны хүмүүс болон уул уурхайн технологи, инновацийн чиглэлийн төрийн өмчит компаниудын удирдлага, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид дагалдаж байгаа юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ