Н.Алтанхуяг: Аж ахуйн нэгж хоорондын асуудалд Засгийн газар оролцохгүй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Ерөнхий сайд-30 минут" уулзалтынхаа үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
7

-Шинэчлэлийн Засгийн газар эрүүл мэндийн салбарт 2013 онд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Жишээ нь, Ерөнхий сайдын багцад байсан 50 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум нь эрүүл мэндийн салбар руу орж байна. Аймгуудад оношлогооны төв байгуулах, хүүхдийн зүрхний хагалгааг Монголд хийхтэй холбогдсон асуудлаар мөнгө гаргасан. Үүний зэрэгцээ эмнэлэг шинээр барих хөрөнгө оруулалтын чиглэлээр нэлээд ажил хийгдсэн. Өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарт нэлээд тулж ажиллаж, Н.Удвал сайдтай ойлголцсон. Шинэчлэх төлөвлөгөөг боловсруулж байгаа. Ойрын үед танилцуулж, тэргүүн ээлжийн асуудлыг эхлүүлнэ. Гэмтлийн эмнэлэгтэй холбоотой асуудлыг Н.Удвал сайд зохицуулна гэдгээ хэлсэн. Нэг эмнэлгийн даргын асуудал Засгийн газрын асуудал биш юм. Иргэдэд эмнэлгийн үйлчилгээ хэр хүрч байна, тэднээс хэдэн төгрөгийн үйлчилгээ аваад, хэр үйлчлэв гэдэг л Засгийн газрын нэн тэргүүний асуудал.
7
-Ил захыг битүү болгох ажил хэр явцтай байгаа бол?
-Баруун гурван аймагт битүү зах баригдаад эхэлсэн. Энэ оны сүүл, ирэх оны эхээр гурван зах ашиглалтад орно.
7
-Оюутолгойн хэлэлцээр ямар шатандаа яваа бол. Хэлэлцээрийн үр дүн гарсан уу?
-Ажлын хэсгүүд ойлголцох шатандаа яваа. 35 асуудлаас 16-г нь шийдсэн. Гүний уурхайгаа ашиглахад хөрөнгө оруулалт яаж олох вэ гэж ярилцаж байна. Хоёр талд ашигтай байх ёстой. Оюутолгой хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Оюутолгойгоос гарч байгаа алт, зэсийн баяжмал худалдан авагчиддаа хүрч байгаа.
7
-Өмнөд Африкийн банкнаас "Жаст" компанийн зээлсэн өртэй холбоотой асуудал үүссэн. Дэд Ерөнхийлөгчийнх нь айлчлалын үеэр энэ асуудал сөхөгдөх магадлалтай гэж үзэж байна. Энэ талаар?
-Тийм зүйл яригдаагүй. Аж ахуйн нэгж хоорондын асуудалд Засгийн газар оролцохгүй.
7
-Ам.долларын ханш эргээд 1700-д хүрлээ. Үүн дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Долларын ханшны хэлбэлзэл явж байгаа. Үүнд Монголбанк сайн ажиллаж байгаа. Гэтэл яагаад 1700 хүрээд байна, Монголбанк сайн ажилласан юм бол гэх байх. Гэхдээ өмнө авч хэрэглэсэн мөнгөний үр дүн гарч байгаа гэж хэлье. Зүүн Цанхийн нүүрс 12 сар хүртэл гараад нэг ам.доллар ч орж ирэхгүй. Тиймээс баруун Цанхийг онгойлгоод нүүрсний экспорт нэмэгдүүлсэн. Энэ нь Монгол Улс доллар оруулж ирдэг аргаа л нэмэгдүүлсэн хэрэг. БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Хөгжлийн банкинд 240 сая ам.долларын нэмэлт зээлийг өгөхөөр боллоо. Нөхцөл нь Чингис бондтой ойролцоо. Урт хугацаанд төгрөгийн ханш дээр айх хэрэггүй.
7
-Төмөр замын гэрээ хэлэлцээрийн хүрээнд царигийн асуудал яригдсан болов уу?
-Царигийн асуудал албан ёсоор хөндөгдөөгүй. Ажлын хэсэг зөвхөн цариг бус хил орчмын төмөр зам ямар байх бол. Танай нутгаар явахад ямар боомт дээр очих вэ зэргээр яригдана.
7
-Ирэх оны төсөвт бүтээн байгуулалтыг хаана барих вэ?
-Ирэх оны төсөвт өртгийг тэмээнээс өндөр болгоод бичсэн. Үүнийг бид яах вэ. Тэр чигээр нь л оруулсан. Бид авлига авах гээд оруулаагүй. 200 сая төгрөгөөр эхэлсэн ажил 400 сая төгрөгөөр бодоод оруулж ирсэн. Бид ч тэр дүнгээр нь явуулсан. Харин бид тэвчиж болох зүйл байвал хасч бай гэж хэлж байгаа.
7
-Цалин тэтгэврийг МҮЭ-ээс 40 хувиар нэмэх боломжтой гэж байсан. Засгийн газар үүнд хэрхэн хандаж байна вэ?
-Цалин тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт суулгасан байгаа. Гэхдээ хэдэн хувиар нэмэхийг салбар салбараар нь тооцно. Үүнийг зарим нь биднийг юмаа нууж байна гэдэг. Цалин тэтгэврийг нэмэх хугацааг зарлахгүй.
7
-Бараа бүтээгдэхүүний үнэ тариф нэмэгдэх хандлагатай байна. Үнийг хэр тогтворжуулах бол?
-Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Гэхдээ юмны үнийн өсөлтийг тодорхойлдог 230 гаруй төрлийн бараа байдаг юм. Энэ бүхнийг тогтворжуулна гэсэн зорилго бидэнд байхгүй. Бид гарын таван хуруунд багтах юмны үнийг тогтворжуулах тухай ярьсан. Шатахуун, гурил, нүүрс, цементийн үнийг бид барьж байна. Харин айлчлалынхаа үеэр элсэн чихэр, цагаан будааны асуудлыг тавьсан.
7
-Энэ ондоо багтаад хэдэн тонн нүүрс экспортод гаргах бол?
-Нүүрсний хувьд энэ жил 23 сая тонныг экспортолно.
7
-Гадагшаа экспортолж байгаа махны үнэ хэд бол?
-Махны хувьд өнгөрсөн жил үнэ тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Түүнээс илүү хямд махыг нийслэлийнхэнд нэг өдөр идүүлжээ. Засаг нэг өдрийн тухай биш 365 хоногийн тухай ярьж байгаа. Махыг гадагш нь гаргахгүй байгаа. Хямд үнэ хэлээд байна. Хүнсний ногооны тухайд зоорийн асуудал сөхөгддөг. Шинэчлэлийн Засгийн газар 28 павильон явуулсан. Нэг өдөр байтугай нэг жилд бүгдийг шийдэж чадахгүй.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ