Ойн хөнөөлт шавжийг устгахад химийн бодис хэрэглэхгүй

img

МХЕГ, аймаг сумдын хяналтын улсын байцаагчид болон байгаль хамгаалагчидтай хамтран ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд хэрэглэгдэж байгаа химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, үйлчилгээний чанар, тэдгээртэй холбогдон гарсан дүрэм, журам, стандартын хэрэгжилт, үйл ажиллагааг шалгажээ.

Тус хяналт шалгалтанд Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Завхан аймгийн нутагт Ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэсэн Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх Ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Ойн хайгуул судалгаа төв” ХХК, “Мон таксаци” ХХК, “Тайгын шинэс” ХХК, “Баян Онон” ХХК-ууд хамрагдсан байна.

Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг 65796 га талбайг хамруулан хийж гүйцэтгэсэн байна. Тэмцлийн ажлаар нийт 1 тэрбум 184 сая 328 мянга 315 төгрөгний экологи–эдийн засгийн үнэлгээ бүхий 65796 га ойг хөнөөлт шавжид нэрвэгдэн дахин сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалж ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан үлдээжээ. Үүнээс зөвхөн Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Түшиг, Баруунбүрэн, Цагааннуур сумын ойн санд тархсан Өрөөсгөл хүр эрвээхэйн өндөг түүх аргаар тэмцлийн ажлыг 12000 га талбайд явуулан 22000 орчим га талбайд тархан хөнөөл учруулах магадлалтай байсан 754.2 сая ширхэг хүрэнцэрийг маш бага зардалтайгаар байгаль экологит хамгийн хор хөнөөлгүй аргаар хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтаар “Баян Онон” ХХК нь тухайн жилд ашиглах бодисынхоо эрсдлийн үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу хийлгээгүй нь холбогдох хууль журмыг зөрчсөн нь тогтоогджээ. Харин бусад компаниудын хувьд илэрсэн зөрчил дутагдал харьцангуй бага шалгагдсан аж.

Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд химийн бодисыг хэрэглэх нь  хэдийгээр ойн хөнөөлт шавжийг богино хугацаанд тухай бүрд нь устгаж байгаа давуу талтай. Гэвч энэ нь ойн сангийн биологийн олон төрөл зүйлд нөлөөлөх нөлөө их байгаа учраас цаашид нэн тэргүүнд бактерийн бэлдмэлийг түлхүү хэрэглэж, химийн бодисоос татгалзах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ