
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжилзүйн газартай хамтран энэ сарын 9-18-ны өдрүүдэд алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр, лангуу түрээслэгчдэд шалгалт хийсэн байна. Шалгалтанд Сүхбаатар, Чингэлтэй, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах УИД, Өгөөмөр, Гранд плаза, Алтай центр, Индранил, Энэтхэг, Бадмаараг, Мөнгөн гоёл, Бөмбөгөр, Алтан зүүлт, Түмэн-Эрдэнэс, Хас гоёл, Зоос гоёл зэрэг үнэт эдлэлийн 28 дэлгүүр болон тэнд лангуу түрээслэгч 50 гаруй иргэн хамрагдлаа.
Шалгалтанд хамрагдсан байгууллагуудаас алт, мөнгөн эдлэлийн 23 лангуу бараа, бүтээгдэхүүндээ 10-20 хувийн байнгын хямдрал зарлаж байгаа нь үндэслэлгүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн байна хэмээн үзэж “Байнгын хямдрал” гэх үйл ажиллагааг зогсоож бараа бүтээгдэхүүнээ бодит үнээр нь худалдаалж ажиллах талаар албан шаардлага хүргүүлээд байна.
Мөн шалгалтын явцад импортоор оруулж ирээд сорьцын хяналтанд хамруулалгүй худалдаалагдаж байсан 42 лангууны 5527 ширхэг мөнгөн эдлэлийг сорьцын шинжилгээнд оруулж сорьцын баталгааны тэмдэг дарсан бол энэ чиглэлийн худалдаа эрхэлдэг 25 лангууны эздийн импортоор оруулж ирсэн 3059 ширхэг эдлэлд сорьц тогтоох шинжилгээ хийж шошго зүүж баталгаажуулсан байна.
Шалгалтанд хамрагдсан импортын алтан эдлэлээс Солонгос улсад үйлдвэрлэсэн зарим үнэт эдлэл байх ёстой сорьцын хэмжээндээ хүрэхгүй байгаа тул эдлэл бүрийг ширхэгчлэн шалгуулахаар Сорьцын хяналтын байцаагчид хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд хариу нь одоогоор гараагүй байгаа юм.
Улсын хэмжээнд гоёл чимэглэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг нийт 120 гаруй аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулдгаас Улаанбаатар хотод 36 дэлгүүр 190 лангуу байдаг бөгөөд 20 гаруй аж ахуй нэгж, иргэд Турк, Вьетнам, Солонгос, Энэтхэг, Япон, Австри, ХБНГУ, Сингапур, Тайланд, ОХУ, БНХАУ зэрэг гадаадын 10 гаруй орноос алт, мөнгөн гоёл чимэглэлийн зүйлс импортоор оруулж ирж байна.
Сүүлийн хоёр жилийн байдлаар дээрх аж ахуйн нэгж, иргэд нийт 112,044 ширхэг 387,2 мянган ам.долларын үнэ бүхий алт, мөнгөн эдлэл импортоор оруулж гааль, татварын байгууллагад 50,3 сая төгрөг төлсөн байдаг.
Дашрамд сонирхуулахад алт, мөнгөний зах зээлийн үнэ ханшийг судалж үзэхэд 1 гр цагаан мөнгө -2200₮-2500₮, 1гр алт-75500₮ орчим ханштай байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ