УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, гишүүдийн санал хураалтаар эхэллээ. Ажлын хэсгээс гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүд дэмжсэнээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцууллаа. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулсныг 83, 3 хувийн саналаар дэмжив. Ингэснээр Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 77,1 хувийн саналаар батлагдлаа.
Чуулганы хуралдаан Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ