30 хүүхдийг үнэ төлбөргүй сургалтад хамруулна
Монголын залуучуудын холбоо, “Түгээлэн ундарга” ТББ, “My key world” хэлний сургалтын төвтэй хамтран “30 хүүхэд 30 хүсэл” төслийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээлэл хийлээ. Мөн уг төслийг Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Уянга дэмжиж, хамтран ажиллахаар болжээ.
Энэхүү төсөл нь дундаж амьдралтай айлын хүүхдийн сурч боловсрох хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэн дэмжих, англи хэлний анхан шатнаас IELTS-ийн шалгалтад өндөр оноо авах түвшинд хүртэл сурагчдад хичээлийг заах зорилго дэвшүүлжээ. Тус төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн амьдралын баталгаажих түвшин доогуур айлын 15-19 настай 30 сурагчийг англи хэл болон хувь хүний хөгжил, гоо зүйн мэдлэг олгох зэрэг сургалтад үнэ төлбөргүйгээр хамруулах юм байна. Сургалт ирэх долоо хоногийн даваа гарагаас эхэлж, энэ хичээлийн жил дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд англи хэлний гурван шатны хичээлийг заахаас гадна сурагчдыг нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулна.
Нийт 80 сурагч анкет бөглөснөөс 30 хүүхдийг англи хэлний түвшин тогтоох шалгалт авах, ярилцлагад оруулах гэх мэт тодорхой шалгуураар сонгож төсөлдөө хамруулана. Харин үлдсэн 50 сурагчийг “My key world” сургалтын төвийн англи хэлний сургалтад 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрх олгох юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ