Нөөцийн махны худалдаанд иргэний нийгмийнхнээр хяналт тавиулна
Нөөцийн махны ирэх оны бэлтгэл ажлын талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ талаар эргэн сануулахад “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулж буй билээ. “Нөөцийн махны менежер”-ийг энэ оны 9 дүгээр сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулан, 2014 онд нийт 14 мян.тн махны нөөц бүрдүүлж, худалдан борлуулахаар болсон юм. Үүнд, УБ хотын “Нөөцийн махны менежер” болох “Эи Эн Ди Эм” ХХК нь 6000 тн мах, “Баатарууд тэнгэр” ХХК нь 6000 тн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж, худалдан борлуулна. Харин Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК нь 1000 тн мах, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК нь 1000 тн мах нөөцлөн борлуулах юм.
6
Тэгвэл 2014 онд нөөцийн мах бэлтгэлд хэрэгжүүлэх шинэлэг үйл ажиллагаа нь “Нөөцийн махны менежер”-ийн шалгаруулалтыг төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр зохион байгуулжээ. Мөн зөвхөн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, “үхэр, өсвөр үхэр, адууны өрөөл, тал өрөөл, хонь, хурга, ямааны гулууз махыг буюу Техникийн ерөнхий шаардлага MNS 1111 - 2007” стандартын 1 дүгээр зэрэглэлийн шаардлагыг хангасан махыг нөөцийн агуулахад хүлээн авах аж. Түүнчлэн хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу нөөцөд бүрдүүлэх үхрийн махны жингийн 5 хувь, ямааны махны жингийн 10 хувиас доошгүй хэсгийг шулж, 0.5 кг-аар худалдах юм. Харин үхэр, ямааны махны үлдсэн 90 хувийг болон хонины махыг гулуузаар эсвэл жижиглэж, хөрөөдөн, 2, 3, 5 кг-аар уутлан савлаж, худалдаалах аж.
6
Мах хүлээн авч буй агуулахад хянагчаар ОБЕГ, МХЕГ, Оролцогч банкны төлөөлөл байх юм байна. Мөн нөөцийн махны худалдаалалтын явцад иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан, хяналт тавьж ажиллуулахаар болжээ. Үүгээр ч барахгүй нөөцийн махны бүрдүүлэлт, худалдаалалттай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн гомдлыг бүртгэн авч, шуурхай шийдвэрлэх мэдээллийн албыг зохион байгуулж ажиллуулахаа зохион байгуулагчид хэлж байна.
6
Дашрамд дурдахад өнгөрсөн онд бэлтгэсэн нөөцийн мах дээрх гурван хотын хүн амын 1-7 хүртэлх сарын махны хэрэгцээний зөвхөн 24 орчим хувийг хангаж байсан. Гэхдээ мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшин 2013 оны 7 дугаар сарын байдлаар 6.2 хувьтай байгаа нь өмнөх 5 жилийн дундаж өсөлтөөс 3.7 дахин бага байжээ. Нэг үгээр хэлбэл махны үнийн тогтворжуулах хөтөлбөр эхний жилд амжилттай хэрэгжиж, махны үнийн өсөлтийг сааруулж чадсан байна. Иймээс ирэх онд ч гэсэн олон эерэг нөлөө үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид хэлж байсан юм.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ