МАН-ын хагарлын үүд нээгджээ
МАН-ын XXVII их хурлын нээлтийг эс тооцвол хаалттай явагдсан МАН-ын их хурлын үр дүн гишүүд, дэмжигчдийнх нь сэтгэлд лав хүрсэнгүй бололтой. Их хурлын төлөөлөгчид олонхиороо хэлэлцэн шийдсэн гэж байгаа хэдий ч “тушаал”-аар хөдөлсөн бололтой даг. Их хурлын үеэр инээмсэглэж байсан багаа гишүүд бага хурлын үеэр тайлж, бухимдлаа ил гаргаж эхлэв. “Мартагдсан хуучин юмыг сэргээхээр шинэ зүйл болдог” гэх яриа бий. Наймхан жилийн өмнө МАН-ын даргаар ажиллаж байсан, УИХ-ын дэд дарга М.Энхболдыг л лав мартагдсан “шинэ” хүн гэж хэлэхгүй байх. Бага хурлын төлөөлөгчдийг сонгохоос эхлээд Бага хурлын анхны хуралдаанаар Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгох хурал өдөр алдаж шөнө дөлөөр эхэлсэн. “Шөнөд оройгүй, шөлөнд дээжгүй” гэдэг дээ. Сөрөг хүчний байр суурин дээр байгаа энэ үедээ шинэчлэл хийнэ гэсэн МАН зорилтоосоо ухран архагууд удирдлагыг гартаа атгаж, МАН-ын залууст өнөө л эв, хүч, ухаан “дутав”.
.
Монголын улс төрийн ууган хүчнийг боловсон хүчний нөөц ихтэй гэдэг. Үнэндээ ч энэ намд сайнаар дуурсагдах алдар суутан, шинэ залуу үеийн нарийн мэргэжилтнүүд байдгийг хэн ч хэлнэ. Басхүү авилга, мафи, тендерийн гэх тодотголтой нөхдүүдийн өлгий гэдэгтэй ч санал нийлнэ. Шинэ удирдлагынхаа талаар гишүүд нь газрын наймаачин, казиночин, тендерчин гээд эднээс өөр хүмүүс манай намд байхгүй гэж үү хэмээн халаглацгааж байна. Бага хурлын гишүүд гэхэд л нэлдээ намын даргын фракцынхан. Хотын фракцын нөхөд нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт ч "соёлын үр"-ээ тарьжээ. Тиймээс хотын фракцынхан МАН-ынхан нам цохиулсан гэсэн үг. “Намын дарга ч яахав, тэрнээс доошхи нь арай л дэндэж байнаа. Бидний залуу үеийн элдэв зүйлд нэр холбогдоогүй намаа шинэчлэхийн төлөө явах зориг, зорилготой хүмүүсийг шууд л жийлээ. Арай ч иймдээ тулна гэж бодсонгүй. Энэ шийдвэртэй эвлэрч чадахгүй нь. Цаашид тэмцэх болно” гэсэн үгийг уулзсан олон гишүүн нь хэлж байв. Энэ удаагийн намын их, бага хурал шударга сайхан боллоо гээд байсан ч үнэн хэрэгтээ тус намын хагарал, хямралын эхлэл тавигдаж эхэлсэн бололтой.
.
Эхнээсээ намын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөн Ж.Сүхбаатар олон нийтийн сүлжээгээр бухимдлаа илэрхийлж ялагдсан шалтгаанаа шууд утгаар нь илэрхийллээ. Түүнийг дэмжиж байгаа залуус ч нэлээдгүй байгаа аж. Намын тамгыг хүлээн аваад 72 цаг ч болоогүй байгаа шинэ бүрэлдэхүүнийг гишүүд нь эхнээсээ толгой сэгсрэн хүлээн авч байна.
6

Б.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ