Асашёорюү Д.Дагвадорж хацраа зүсүүлсэн гэв үү

Өнгөрөгч шөнө 02.45 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах VLVT шөнийн клубт зодоон болж байна гэх дуудлага цагдаагийн шуурхай утсанд иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид VLVT шөнийн клубт очиход бусдын биед хүйтэн мэсээр хөнгөн гэмтэл учруулсан хэрэг гарсан байна. Хэргийн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс лавлахад “Урьд шөнө гарсан танхайн хэрэгт олны танил эрхэм оролцсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
.
Д.Дагвадоржийг хүйтэн мэсээр гэмтээжээ
Учир нь өчигдөр орой 21.00 цагт VLVT шөнийн клубт “Жинхэнэ аймшгийн хаалттай Halloween” нэртэй парти эхэлсэн байна. Уг партинд монголын олны танил эрхмүүд нэлээдгүй цугларсан бөгөөд хамтдаа “аймшгийн шоу” хийж хөгжилдсөн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус партинд сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж ирж оролцжээ. Тэрбээр партины үеэр нэлээд согтож, тэнд “шоудаж” байсан хүмүүст агсам тавьсан гэнэ. Ингэхдээ нэг залууг хэд хэд цохиод авсан гэнэ. Залуу эцэст нь тэсэлгүй Д.Дагвадоржийг эргүүлэн цохиж, зуушны хутгаар хацрыг нь зүсэж, гэмтээсэн гэх сураг байна. Гэвч Д.Дагвадоржийн уур хилэн намжсангүй, өөрийг нь гэмтээсэн залууг хөөж харайсан гэнэ. Тиймээс тус шөнийн клубын ажилтнууд цагдаагийн албан хаагчдыг дуудсанаар “Жинхэнэ аймшгийн хаалттай Halloween” парти өндөрлөжээ.
.
Манай сурвалжлах баг зодооны гарсан гэх "Метро молл" их дэлгүүрийн зүүн жигүүрт нээгдээд удаагүй байгаа "VLVT" шөнийн клубыг зорилоо. Тус клубийн гадаа очвол энд тэндгүй камертай өндөр модон хаалган дээр "VLVT" гэснээс өөр хаяг байсангүй. Дотогш орж урьд шөнө болсон хэргийн талаар лавлах гэсэн боловч үүдэнд зогсох хоёр залуу “Өнөөдөр манай клуб ажиллахгүй. Өчигдөр нэлээд том парти шоу болсон учраас өнөөдөр их цэвэрлэгээ хийж байгаа. Тэгээд ч хэн дуртай хүнийг оруулдаггүй. Зөвхөн гишүүнчлэлтэй хүмүүст үйлчилдэг” хэмээн тоомжиргүй хариулав.
:
35 сая төгрөгийн үнэтэй "Ace of spades gold" гэх оргилуун дарсаар үйлчилдэг гэх тус шөнийн клуб энгийн өдөр 40 долларын таксаар үйлчилдэг аж. Харин өнгөрч шөнө болсон баярын арга хэмжээний такс нь 80-200 доллар байжээ. Тиймээс урьд шөнийн “Halloween”-ны баярт олны танил эрхмүүдээс гадна “томчууд” үйлчлүүлсэн гэдгийг эх сурвалж хэлсэн юм.
Ямартаа ч, манай олны танил эрхмүүдийн өөрийн зиндаагаа илэрхийлдэг өндөр үнэтэй, тансаг шөнийн клубт болсон зодооны дуулиан намжаагүй байна.
:
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ