ХСИС “Наресуан” их сургуультай хамтарч ажиллана
НҮБ-ын Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал, Тайландын вант улсын Ерөнхий сайд асан, “Наресуан” их сургуулийн удирдах зөвлөлийн дарга ноён Красэй Чанавонгсэ тэргүүтэй төлөөлөгчид Хууль сахиулахын их сургуульд ажлын айлчлал хийжээ.
Төлөөлөгчид тус сургуулийн үйл ажиллагаатайгаа танилцан, удирдлагуудтай уулзжээ. Красэй Чанавонгсэ уулзалтын үеэр “Монгол Улс гамшгийн салбарт боловсон хүчнийг бэлтгэх тал дээр ихээхэн анхаарч, бакалавр, магистр, докторантурын сургалтыг явуулах сургуультай байгаа нь давуу талтай юм. Олон сая хүн амтай манай улс гамшгийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх дээд сургууль байхгүй бөгөөд 2014 оноос эхлэн Тайландын “Наресуан”-ын их сургуулийн дэргэд Гамшгийн сургууль байгуулах зорилго тавин ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн Ноён Красэй Чанавонгсэ хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагааг бүх шатанд бэхжүүлэх, магистр, докторантурт тэтгэлэгтэй суралцуулах боломжийг харилцан судлах, ХСИС-ийн алба хаагчдийг тэтгэлэгтэй суралцуулах боломжтойг онцлов.
Тайландын “Наресуан”-ын их сургууль, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль гамшгаас хамгаалах онцгой байдлын албаны чиглэлээр сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тухайлсан сэдвээр судалгааны ажил хийх, хамтарсан бүтээл туурвих, онол практикийн уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар болсон. Үүний баталгаа болгож ХИС-ийн Онцгой байдлын сургуулийн удирдах бүрэлдэхүүн, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг Тайландын Вант Улсын “Наресуан” их сургуульд зохион байгуулах, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр анги, кабинетуудыг тохижуулахад харилцан дэмжлэг үзүүлэх талаар “Санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурлаа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ