Хотын даргад нийтийн тээврийн үйлчилгээ таалагдсангүй
Хотын дарга “лүндэн буулгав”
Хотын дарга өнгөрсөн баасан гарагт нийтийн тээврээр үйлчлүүлжээ. Хотын даргын эхний суусан автобус нь Автобус нэгдүгээр компанийн Чингэлтэйн чиглэлийн I-085 дугаар бүхий ягаан өнгийн автобус байв. Энэ автобус бохир, кондуктор нь үйлчлүүлэгч нартай зөв боловсон харьцаа байхгүй.
Хүмүүсийг загнасан, түлхэсэн байдалтай хотын даргыг угтсан байна. Эцсийн буудал дээр ирж жолооч, кондуктор хоёртой ярилцсан хотын дарга, хөгжимнийхөө дууг багасгаж, буудлаа зарла, үйлчлүүлэгчээ хүндэл, автобусаа цэвэрлэ, гэнэт гэнэт огцом тормозлодгоо болих хэрэгтэй гэж хэлсэн байна. Чингэлтэйгээс буцсан автобус нь Тэнүүн огоо компанийн Ар согоот-Чингис Соосэ чиглэлийн 9-021 дугаарын нийтийн тээвэр байжээ. Ер нь хүн тээвэрлэхэд хэцүүхэн унаа. Энд тэндгүй сиймхий, нөхөөс, ханзархай. Хаалга нь онгойх бүр бөмбөг дэлбэрэх мэт дуу гарч, дав хийтэл цочооно. Цонх битүү цан. Тоос шороог тоох ч аргагүй байсан байна.
Хотын дарга энэ өдөр тус компанийн гурван ч чиглэлийн автобусаар зорчсон гэнэ. Нөгөө л жигтэйхэн чанга хөгжим, битүү цантай, хүйтэн, шороо тоостой автобуснууд, дуут дохио хангинуулсан, гэнэт огцом тормозтой унаанууд л байжээ. Хотын мээр 9-021 дугаарын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж иргэдийнхээ эрүүл мэндээр дэнчин тавихгүй гээд буусан аж. 3-4 дүгээр хороолол –Тэнгис кино театрын чиглэлийн Атибус компаний 12-019 дугаарын ногоон автобус ч дээрхүүдээс ялгарах юмгүй, яг л адилхан байжээ. Нэгээс нөгөөд шилжин гэр хороолол хотын төв, захын хэсгээр зорчсон хугацаандаа Автобус -3 компанийн хорооллын чиглэлийн 3-085 дугаарын автобусанд суух гээд чадаагүй гэнэ. Нэгдүгээр замаас гурав руу, тэндээсээ нэгдүгээр замд ирж буудлаасаа өнгөрч зогссон тэр машины жолооч хүнээ ч авалгүй яваа өгчээ. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр хагас өдөр нийтийн тээврийн автобуснуудын үйлчилгээ, жолооч, кондукторуудын соёл, зан харьцаа, автобусны ариун цэвэр, бүрэн бүтэн байдалтай танилцахдаа иргэдтэй ч санал солилцож, жолооч, кондукторуудыг зэмлэхийн зэрэгцээ авдаг цалин, ахуй амьдралыг нь ч судласан байна.
Ийнхүү автобусаар зорчиж байдалтай биечлэн танилцсан хотын мээр өрөөндөө ирээд Нийтийн тээвэр, Газрын алба, Төрийн сан, Замын цагдаагийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий архитекторыг дуудаж, автобусны эцсийн буудлууд дээр энэ жилдээ багтааж жолооч, кондуктор нарт зориулсан үйлчилгээний цэг барих зураг хөрөг, газар, хөрөнгөний асуудлыг даруйхан шийдэх “лүндэн буулгав”. “Үүрийн гэгээнээс үдшийн харанхуй болтол олондоо үйлчилдэг тэдэнд алдаа дутагдал байгаа ч бид тэднийгээ харж хандаж байж, сайн сайхан үйлчилгээ нэхнэ. Тийм учраас тэр цэгт хоолны газар, душ, жорлон гээд бүх үйлчилгээ багтсан байх ёстой шүү” гэж хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ