Евро-Азийн тээврийн асуудлаар хуралдаж байна

img

“Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал  Төрийн ордонд болж байна.  Энэхүү  бага хурлаар  бүс нутгийн орнуудын Засгийн газрын болон томоохон хувийн хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг оролцуулж мэдээлэл, туршлага солилцох, цаашид бүс нутгийн хэмжээнд хэрхэн бодлогоо нэгтгэх талаар санал бодлоо хуваалцахыг зорьжээ. . Хуралдаанд  УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү “Бүс нутгийн тээвэрт Монгол Улсын оролцоо”, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Их Түмэн санаачлага” хөтөлбөрийн тээврийн мэргэжилтэн В.Кречетова “Зүүн хойд Азийн тээврийн коридорууд. Их Түмэн санаачлага хөтөлбөрийн хандлага ба ирээдүй”, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн нэгдүгээр дэд Ерөнхийлөгч В.Морозов “Монголын дамжин өнгөрөх тээврийн боломж, хөгжлийн ирээдүй” сэдвээр илтгэл тавих юм.  Түүнчлэн НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын тээврийн мэргэжилтэн М.Йованович “Евро-Азийн тээврийн холбоос” хөтөлбөрийн талаар, Азийн хөгжлийн банкнаас Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны тээвэр, худалдааг хөнгөвчлөх стратеги, үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар, БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ван Шяолун “Хятад-Монголын дамжин өнгөрөх тээврийн өнөөгийн байдал, цаашдын төлөв”-ийн талаар илтгэх юм.  Манай улсын эдийн засаг байгалийн баялаг, ялангуяа уул уурхайд түшиглэн хөгжиж байгаа бөгөөд судлаачид энэхүү хандлага ойрын жилүүдэд өөрчлөгдөхгүй гэсэн дүгнэлт хийж буй. Үүний зэрэгцээ дэлхийн улс орнуудад бараа, бүтээгдэхүүний хэрэгцээ, үйлдвэрлэл нэмэгдэж байгаагийн хэрээр түүнд шаардагдах түүхий эд, тухайлбал; ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, тэдгээрийг богино хугацаанд бага зардлаар тээвэрлэх шаардлага тулгарч байна.

6

Монгол Улсын хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь улам өргөжин нэмэгдэж буй хоёр хөрштэй. Тиймээс байгалийн асар их баялагтай Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн бүсүүдтэй холбох эдийн засгийн харилцааны гол гүүр болох бодлогыг баримтлах замаар тээврийн дэд бүтэц, нефть, хийн хоолой, холбоо, эрчим хүчний сүлжээний томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлж бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулах бүрэн боломжтой юм.  НҮБ-аас бүс нутаг, тивүүдийг холбосон тээврийн сүлжээнд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн үр дүнд Ази Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын ивээл дор Азийн улсууд Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулсан. Хэдийгээр энэ сүлжээ нь одоогийн дэд бүтцэд тулгуурлаж байгаа боловч ирээдүйд Ази, Европын хооронд зорчигч, ачаа тээвэрлэлтийг богино хугацаанд саадгүй хангах нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой. Нөгөөтэйгүүр цаашид дамжин өнгөрөх тээврийн шинэ замналыг бий болгож богино хугацаанд, бага зардлаар тээвэрлэлтийг гүйцэтгэх шаардлага бүс нутгийн орнуудын өмнө тавигдаж буй. Тэгвэл Зүүн Ази, Европыг холбосон энэхүү тээврийн сүлжээний нэг дөт замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг билээ. Иймээс УИХ урт хугацаанд төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор парламентад суудалтай намуудын төлөөлөл бүхий нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн талаар бодлого боловсруулах Ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа. Ажлын хэсгээс зохион байгуулж буй гурав дахь том арга хэмжээ нь “Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” Олон улсын бага хурал юм  байна.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

н.энх:
зөв шүү үүүүүүүүүүү
2013-11-05