Газрын тос буюу хар алтны мөрөөр
Манай улсын эдийн засагт бензиний үнийн хэлбэлзэл багагүй нөлөө үзүүлж ирсэн. Бензиний үнэ өсөхтэй зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ард түмний амьдралд дарамт учруулдаг юм. Тиймдээ ч өөрсдөө нефть олборлодог улс атлаа гадаадын улс орноос бензин импортлож, өндөр өртөгтэйгээр хэрэглэж байгаад гайхах хүн олон бий. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Уул уурхайн яам, Газрын тосны газраас Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Цагаан элсний ордын үйл ажиллагаатай сэтгүүлчдийг танилцуулсан юм.
5
1950 –иад онд газрын тосны боловсруулах үйлдвэртэй байжээ
6
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Цагаан элсний орд газрыг 50 гаруй жилийн өмнө ЗХУ-тай хамтран ашиглаж, газрын тос олборлох, нефть боловсруулах үйлдвэр байгуулж байсан түүхтэй ажээ. Тодруулбал, Монголд нефть байгааг анх 1940 онд тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэн Ю.Д.Жилюбовский, манай эрдэмтэн геологич доктор Ж.Дүгэрсүрэн нар нээсэн гэнэ. 1950-1960 оны дунд хүртэл Зүүн баянд нефть боловсруулж байв. Гэвч Сибирьт газрын тосны орд нээгдсэнээр ЗХУ Монгол улсаас тос олборлох шаардлагагүй гэж үзэн 1969 онд Зүүнбаянгийн ордыг хаасан аж. Тухайн үедээ 280 гаруй цооногтой, нефть олборлож боловсруулах үйлдвэртэй байсан боловч Монголын төр тус ордыг эзэнгүй орхисон юм байна. Учир нь сайд нарын зөвлөл хуралдаж “дотооддоо боловсруулах, гаднаас экспортлох асуудлаар ярилцаж, улмаар дотооддоо үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд үр өгөөж багатай хэмээн хойд хөршөөс шатахуун авахаар шийдвэрлэсэн аж. Цаг хугацааны уртад тус ордтой холбоотой болон үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, олборлолтын багаж , өрөмдлөгийн хэрэгсэл нь тоногдож үлдсэнийг нь хүмүүс төмрийн хаягдал болгон урд хөршид гаргасан гэнэ. Харин 1997 оноос хойш тус орд дахин ашиглалтад орж, БНХАУ-ын “Доншин газрын тос Монгол” компанийн мэдэлд шилжсэн байна.
5
Нэг удаагийн өрөмдлөг хийхэд 700 мянган ам.доллар зарцуулдаг
6
Бид хамгийн түрүүнд “Доншин газрын тос Монгол” компанийн төв байранд очиж, тус компанийн талаарх мэдээллийг авсан юм.
5
БНХАУ-ын Шандун мужийн Шенлигийн газрын тосны удирдах товчооны харъяа Доншен Жингүн Петролеум Дивилопмент Групп Сток компани нь Монгол Улсын Дорноговийн сав газарт орших Зүүнбаян-Цагаан Элсний талбайг 2003 оны 2-р сарын 15-наас эзэмших болсон аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжүүлэгч болсноор тус компани нь Монгол Улсад өөрийн 100 хувь хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох “Доншен газрын тос (Монгол)” ХХК-г байгуулж Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын 2003-03-20-ны өдрийн А-284 тоот тушаалаар батлагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 03-101 дугаарын гэрчилгээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ ¹ 9019003132, регистр 2766337, ҮХЯ-ны 2003 оны 03, 2005 оны 16 ба 2006 оны 10 дугаартай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлүүд зэрэг эрхийн актуудаар баталгаажуулан ажиллуулсан байна. Доншин газрын тос Монгол компанийн хувьд хайгуулын ажлаа дуусч, олборлолтын ажлаа эхлээд удаагүй байгаа гэнэ. Тус компани Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус ордыг эзэмшдэг бөгөөд одоогийн байдлаар 180 гаруй цооногоос газрын тос олборлож байгаа аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Сүн хуан вү хэлэхдээ “Бид 2003 оноос Зүүнбаянгийн ордод үйл ажиллагаагаа явуулж байна. 2003 онд газрын тосны хайгуулыг эхлүүлж, олборлолт хийж эхэлснээр нийтдээ 2.9 сая баррель газрын тос олборлож, экспортод гаргасан. Мөн 2003-2012 он дуусталх хугацаанд 188.5 сая ам.долларын хөрөнгө оруулсан ч газрын тосны олборлолтын хэмжээ бага тул оруулсан зардлаа нөхөж чадахгүй байна. Газрын тос олборлоход маш их мөнгө зарцуулдаг. Зөвхөн нэг удаагийн өрөмдлөг хийхэд 700 мянган ам.доллар зарцуулдаг. Гэхдээ ингэж зардал болж өрөмдсөн цооног бүрээс газрын тос гардаггүй. Түүнчлэн газрын тос нь 37 хэмийн халуунаас доош бол хатуу төлөвт шилждэг тул тэрийгээ боловсруулах гэж цаг их алддаг. Манайх тос олборлох гэж нарийн технологи ашигладаг. Гэвч бид Монгол Улстай хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу төгөх ёстой бүхнээ өгч ирсэн. Бид жил ирэх бүр зардалаа нөхөх биш улам бүр алдагдалтай ажиллаж байгаа тул ирээдүйд хөрөнгө оруулалтаа бууруулж, бүр зогсоож ч магадгүй. Тиймээс Монгол Улс газрын тосний салбарт хөрөнгө оруулагчдийг дэмжих бодлого баримталж, эрх зүйн орчноо сайжруулна гэдэгт итгэж байна” гэж байв.
6
“Петрочайна Дачин Тамсаг” хөрөнгө оруулалтаа 2 дахин багасгана гэв
6
Дээрх мэдээллийг хийсний дараа Дорнод аймгийн Тамсагийн сав газарт газрын тос олборлож байгаа “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хуулийн зөвлөх Ван Пен мэдээлэл хийсэн. Тэрбээр хэлэхдээ “1998 оноос 2013 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 16.6 сая баррель буюу 1.8 сая тонн газрын тос олборлож, 13.3 сая баррель буюу 1.8 сая тонныг БНХАУ-д экспортлосон. Петрочайна Дачин Тамсаг ХХК өнөөдрийн байдлаар нийт 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс нийт хөрөнгө оруулалтын 17.7 хувь буюу 294.8 сая ам.долларын өртгөө нөхөөд байгаа. Биднийг байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн үйл ажиллагаа эрхэлж байна хэмээн Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, орон нутгийн удирдлагууд удаа дараа гомдол мэдүүлж, эсргүүцэл зарлаж, хуулийн байгууллагад өгсөн. Монголын шүүх биднийг гэм буруутай гэж үзэн маш өндөр торгууль тавьсон. Бид торгуулийг бүрэн барагдуулсан. Бидний ажигласнаар уг мөнгөөр орон нутгийн удирдлагууд байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй зориулалтын бус зүйлд зарцуулж байна гэж үзсэн. Учир нь тэд барилга башингийн засвар, машин унаа зэрэгт уг мөнгийг зарцуулчихсан. Бид байгаль орчинд нөлөө багатай үйл ажиллагаа эрхэлдэг салбарт ажилладаг. Эхний жилүүдэд газрын тос тээвэрлэлтийн явцад олон тооны зам гаргаж байгаль орчинд нөлөөлсөн. Гэхдээ одоо тээвэрлэлтийн замын оронд шугам хоолой татсан. Одоо байгаль орчинд нөлөөлөх байдал нь арилсан. Хэдийгээр маш их хөрөнгө оруулалт хийж, ашиггүй ажиллахын зэрэгцээ шүүхийн шийдвэрийг шударга бус гарч, торгууль хүлээсэндээ гомдолтой байна. Мөн ирэх онд татвараа төлөх боломжгүй, хөрөнгө оруулалтаа 2 дахин багасгах зорилготой байгаа. Учир нь хөрөнгө оруулагчдыг дэмжсэн бодлого алга“ хэмээн мэдэгдсэн. Мөн тэрбээр торгуулийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан орон нутгийн удирдлагуудыг хуулийн байгууллагад өгнө гэж байв.
5
Цагаан элсний ордод 170 гаруй морин толгой бий
6
“Петрочайна Дачин Тамсаг” компанийн хуулийн зөвлөхөөс сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсны дараа бид газрын тос олборлох явцыг сонирхсон. Монгол улсын хэмжээнд нийт 1200 гаруй газрын тосны цооног өрөмдсөнөөс 170 гаруй нь Зүүнбаянгийн Цагаан элсний ордод байдаг гэнэ. “Доншин газрын тос Монгол” компанийнхан энэ үеэр “Газрын тосны хайгуул, олборлолтын ажил нь байгаль орчинд нөлөөлөх нь бага байдаг. Хайгуул, өрөмдлөгийн явцад зөвхөн газрын гүнд нүх үүсгэдэг. Харин олборлосон газрын тосоо хадгалах танкийг дараа нь нүүлгэн шилжүүлсэнээр хөрсний эвдрэл гардаггүй. Одоохондоо газрын тосыг том тэргээр тээвэрлэж, төв агуулахад нийлүүлэх ажлыг хийж байгаа ба сайжруулсан зам тависан тул байгаль орчинг сүйтгэхгүй байгаа гэж байв.
6
Газрын тос нь шингэн төлөвт оршдоггүй бөгөөд хад чулуунд нэвчсэн байдалтай оршдог гэнэ. Чулуунаас газрын тосыг тусгайлсан аргаар шахаж авдаг бөгөөд морин толгой гэж нэрлэгддэг шахуураар татан авч олборлосон тосыг агуулахуудад хадгалж цистернээр төв агуулахад шилжүүлдэг. Агуулахад хадгалсан газрын тосоо дулаан аргаар ус, тосыг нь ялгаж ойролцоогоор 97 хувь болтол нь цэвэршүүлж, улмаар дамжуулах хоолойгоор тээвэрлэлтийн ёмкостод шилжүүлснээр урд хөрш рүү экспортолдог юм байна.
6
Олдворын хонхор
6
Олборлолтын талбайтай танилцсаны дараа бид машиндаа суун нилээд явсаар Оросууд өмнө нь олборлолт хийж байсан гэх газарт ирсэн. Уг газрын Олдворын хонхор гэж нэрлэдэг бөгөөд одоо “АЗЗА” ХХК-ийн мэдэлд байдаг аж. Авто замын засвар үйлчилгээ эрхлэдэг тус компани уг газраас замын түүхий эд болох битумыг гарган авдаг гэнэ. Өмнө нь оросууд газрын тосыг соруулан авсан бөгөөд харин одоо хад чулуулаг нь асфальтан замын гол түүхий эд болсон аж. Олдворын хонхорын байгалийн тогтоц, эксковаторын шүдний ором зэргийг харахад орхигдсон нутагт ирсэн мэт санагдсаныг нуух юун.
6
Монгол ажилчид сарын 200-280 ам.долларын цалинтай
5
Өвөрмөц тогтоцтой Олдворын хонхорын дараа Газрын тосны төв агуулахад очиход галын аюултай бүс хэмээн онцгойлон анхааруулж, гар утсаа унтрааж, асаагуур, шүдэнз зэргийг машиндаа үлдээхийг сануулж байв. Биднийг дотогш ороход 12 тоннын цистерн олборлолтын талбайгаас газрын тосыг төв агуулахад шилжүүлэхтэй таарсан юм. Цистерн зогсоолд зогсохтой зэрэгцэн тус агуулахын ажилчид дамжуулах хоолойг бэхэлснээр газрын тосыг шилжүүлж байв. Сонирхолтой нь хад чулуунаас соруулж авсан газрын тосны чимээ урсгал ус ус шиг шожигнон орж байгаа нь бидний анхаарлыг ихэд татсан юм. Харин энэ талаар албаныхан хэлэхдээ Монгол улс газрын тосны нөөц ихтэй судлагдаагүй талбай маш их байгаа ч чанарын хувьд тийм сайн биш. Зүүнбаян дахь Цагаан элсний ордын хувьд 1400 метрийн гүнээс олборлолт хийдэг. Олон улсны жишгээр газрын тосыг нягт болон хүхрийн агууламжаар нь чанарыг нь үнэлдэг бөгөөд Цагаан элсний ордоос олборлож байгаа газрын тосны нягтаршил 29 хувь буюу шингэн төлөвтэй, хүхрийн агууламж нь 0.02 хувиас бага. Энэ нь харьцангуй сайн чанартай, ашиглахад хялбар тос гэж байв.
6
Мөн энэ үеэр тус агуулахад ажилладаг монгол ажилчдын төлөөлөл Х.Оюунжаргалтай ярилцсан юм. Тэрбээр хэлэхдээ “Тус компанид ажиллаад 4 сар болж байна. Сарын 200 ам.долларын цалинтай. Хятад ажилчид харин 1-2 сая орчим төгрөгийн цалинтай байдаг гэсэн. Манай Зүүнбаянд Төрийн албан хаагчдаас бусад нь Доншин болон 336 дугаар цэргийн ангид ажилладаг.Гэр бүлийн хүн 250-280 ам.долларын цалинтай ажилладаг. Өмнө нь Зүүнбаянд газрын тос олборлодог байсан гэсэн монголчууд өөрсдөө олборлоод, ашгыг нь өөрсдөө гаргаад байж болдоггүй юм болов уу гэж боддог юм. Энд сардаа 8-9 хоногт 24 вагон газрын тос урагшаа гаргадаг. Энэ нь дунджаар 57-60 тонн гэсэн үг. Заримдаа хайран л санагддаг юм” гэлээ.
5
Мөн энэ үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс тодруулга авсан. Тэрбээр хэлэхдээ “Бид урьд нь ОХУ-аас 100 хувь хараат байсан. Тэр тусмаа Роснефть компаниас 97-98 хувь хамааралтай байсан. Тэгээд л орос ноён аль хөл дээрээ босч, ямар зан ааштай байгаа вэ гэдгээс үнэ өөрчлөгддөг байлаа. Сар болгоны сүүлээр ямар үнэ ирэх бол гэж түгшдэг байсан. Одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр эх үүсвэрүүдтэй болсноор Роснефть манай улсын 25 хувийг хангах болсон. Энэ бүхний үр дүнд үнэ нилээн тогтвортой байна. Бид маш их давуу талтай, нефть олборлодог улс болсон. Олборлодог улс болсноор удахгүй боловсруулдаг улс болох цаг айсуй. Одоогоор газрын тосны салбарт хөрөнгө оруулагчдад чиглэсэн хууль эрхзүйн бодлогоо илүү чамбайруулна. Бид энэ асуудлыг анхааралдаа авсан байгаа. Гэхдээ урьд нь байсан гэрээ контрактуудаа бүрэн шинэчилнэ гэж байхгүй. Хөрөнгө оруулагчид эрсдлээ цэвэр өөрсдөө дааж, 1-6 жил хайгуул хийн, бүтээгдэхүүн гарч ирсэн цагаас бүтээгдэхүүн хуваах гэрээ ажиллаж эхэлдэг. Газрын тосны салбар нь улсын төсөвт томоохон үүрэг гүйцэтгэдэг ч, манай талаас эрсдлээ өөрөө бүрэн даах хөрөнгө оруулагчид байхгүйгээс Монгол Улс өндөр зардалтай нефт олборлох, боловсруулах үйлдвэртэй шууд болчихож чадахгүй байна. Тиймээс бид мэдээж гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн атлаа манай талд илүү ашигтай, сайн хуультай байх нь чухал” гэдгийг онцолж байлаа.
6
Төв агуулахтай танилцсаны дараа бид нөөц нь дууссан цооногийн нөхөн сэргээлттэй танилцсанаар газрын тос хэмээх хар алтны тухай сурвалжлага маань өндөрлөсөн юм. Дашрамд дуулгахад, нефть буюу газрын тосноос бензин, дизель дүлш, онгоцны түлш, каучук, резин, бидний сайн мэдэх вазелин хэмээх тосыг гаргаж авдаг юм билээ.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ