УБЦТС ХК 386 төрлийн төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг

img

Улаанбаатар цахилгаан түгээх станц ХК-иас төлбөрт үйлчилгээнийхээ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус компани нь цахилгаан эрчим хүчийг түгээхээс гадна техникийн тасралт саатлыг устгаж, иргэдээс ирсэн дуудлагын дагуу очиж үйлчилдэг. Ингэхдээ үйлчлүүлэгчдээс хууль бусаар төлбөр авдаг гэж ойлгодог байна. Харин тус компанийн гүйцэтгэх захирлын 2011 оны 159, 2008 оны 166 тоот тушаалаар хангах, түгээх болон тоолуурын лабораторийн чиглэлээр баталж гаргасан 386 нэр төрлийн төлбөртэй, нэмэлт үйлчилгээ байдаг аж. “Эдгээрийн үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн дүрмийн дагуу тогтоодог. Тухайлбал, дуудлагын дагуу очиж нэг ширхэг разетка суурилуулж өгөхөд 3500 төгрөгийн төлбөр авдаг. Энэ нь тухайн ажилчны унааны зардал болон цалин нь болдог. Энэхүү төлбөр нь хууль бус биш, “УБЦТС ТӨХК-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-д заасны дагуу нэмэлтээр үзүүлэх үйлчилгээнд зарцуулах ажлын материал, хөдөлмөр, цалин хөлс гэх мэт нэмүү өртөгийг тооцож, нэр төрлөөр нь ангилан тариф тогтоон захирлын тушаалаар баталдаг” гэж УБЦТС ХК-ний захирал С.Төмөрхүү хэлсэн.

 

Мөн тоолуурын заалт харахад төлбөр авдаг байснаа энэ оны нэгдүгээр сараас больсон, гурван жилийн өмнө нэг бригад өдөрт 17 газарт үйлчилгээ хүргэдэг байсан бол одоо энэ тоо эрс буурсан тухай ярилаа.

Энэхүү компани нь нийслэлийн бүх дүүрэг, Төв аймгийн 16 сумын нийт 242000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч болон нэмэлт үйлчилгээнүүдээр хангадаг. Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ огцом өсч байгаа үзүүлэлттэй байна. СХД-ийн Баянхошуу орчимд  л гэхэд өнгөрсөн жилийнхээс 41 хувиар эрчим хүчний хэрэглээ өсчээ. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой аж.

Б.Буд

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
тоолуурын заалт нэмж бичдэг ээ зогсоогооч ээ 150 квт дээш гаргаж бичих гээд дандаа заалтыг нь нэмж бичдэг схд -ын түгээхийн монтёрууд больёо
2013-11-06