Гишүүдэд “Итгэлийн захидал” илгээжээ

“2014 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэж байгаа энэ үед Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ хамтран Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг явуулж байгаа. Засгийн газраас цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг дунджаар 6-7 хувиар нэмэгдүүлэх юм байна. Иймд тус холбооноос “Инфляцийн өсөлтөөс үүссэн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадварын бууралтыг нөхөх, бодит орлогыг хамгаалах, эдийн засгийн өсөлттэй уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр явуулж байгаа МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааг дэмжиж, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэн 2014 оны төсвийн төсөлд туссан 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд УИХ-ын гишүүний зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг гишүүн бүрээс хичээнгүйлэн хүсье” хэмээжээ.
Хамгийн сүүлд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг хийж 2012 оны 2, 5 дугаар саруудад нэмэгдүүлжээ. Үүнээс хойш дахин цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээгүй боловч энэ хугацаанд эдийн засаг 2012 онд 12.3 хувь, 2013 оны эхний хагас жилд 11.3 хувийн өсчээ. Мөн энэ хугацаанд инфляцийн түвшин нийтдээ 23.3 хувьд хүрч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадвар буурч буйг МҮЭХ-ныхон хэлж байв.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ