А.Мөнхбат: Гол чиглэлийн замуудад дугуйн зам тавина
МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын автозамчин залуучуудын холбооны тэргүүн Мөнхбаясгалан, НЕТГ-ын дэргэдэх "New image" клубын тэргүүн Хан-Уул нар 2012 онд МЗХ-ны санаачлагаар байгуулагдсан "УИХ-дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг"-ийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор дамжуулан "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийг УИХ-д өргөн барих хүсэлтээ илэрхийллээ.
.
"Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийг УИХ-аар дэмжиж, 2014 оны төсөвт суулгаж чадвал Улаанбаатар хотод 3 жилийн дотор 186.7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр бий болох аж. Унадаг дугуйн замтай болсноор замын түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр багасгах, хүүхэд залуучууд гэлтгүй бүх насныхны эрүүл, идэвхитэй амьдралд уриалан, амьдралын шинэ зөв хэмнэлийг бүрдүүлэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчдын зүгээс мэдээллээ.
МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.
.
-"Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийнхөө талаар танилцуулаач?
-Монголын залуучуудын холбооноос УИХ дахь залуучуудыг дэмжих Лобби бүлгээрээ дамжуулан улсын төсөвт залуучуудын асуудлыг дэмжсэн төслүүдэд шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж өгөхийг хүсч байгаа юм. Бид эхний ээлжинд 3 төслийг оруулж байна. Нэгд, "Унадаг дугуйтай Улаанбаатар" төсөл. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хот бүхэлдээ унадаг дугуйн замтай болох юм. Хоёрт, " Спирт үү, спорт уу" аяны хүрээнд үеийнхээ залуусыг архинаас гаргая гэсэн төсөл байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын залуус харьцангүй архидах нь багасаж байгаа. Гэтэл хөдөө орон нутагт, суманд байгаа залуучууд маань маш их архиддаг болсон байна. Тиймээс нийт хөдөө орон нутагт байгаа залуучууд болон боомтуудад очиж ажиллахад шаардлагатай төсөв хөрөнгө байгаа юм. Гуравт, "Авилга би авахгүй, өгөхгүй" гэсэн төсөл байгаа. Энэ төслийн Улаанбаатар хотын төрийн албанд байгаа залуучуудын дунд хэрэгжүүлээд дууссан. Гэтэл аймаг суманд залуучууд авилгад өртөж байна. Ялангуяа төсвийг орон нутагт зарцуулах эрхийг олгосноос хойш энэ асуудал эхэлсэн болохыг орон нутгаар явахдаа мэдлээ. Тиймээс энэ төслийг орон нутагт үргэжлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс унадаг дугуйн зам барихад 10 тэрбум төгрөг, " Спирт үү, спорт уу" төсөлд 1 тэрбум төгрөг, "Авилга би авахгүй, өгөхгүй" төсөлд 500 сая төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг л УИХ-аас хүсч байгаа юм.
:
-Унадаг дугуйн замыг хаагуур барихаар төлөвлөж байна?
- Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийн хүрээнд нийт 35 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс эхний жилд 10 тэрбум төгрөгийн төсөвт суулгах хүсэлт тавьсан. Эхний жилд 58 км зам тавина. Бид болохгүй, бүтэхгүй гээд хойш суухыг хүсээгүй. Гол чиглэлийн замуудад дугуйн зам тавигдана. Аль ч чиглэлд дугуйтай хүн дуртай газраа хүрэх боломжтой болох юм. Мөн 99 дугуйн зогсоол хийнэ. УИХ-аас зөвхөн зам, замын тэмдэглэгээг хийх төсвийг УИХ-аас 2014 оны төсөвт суулгаж өгөхийг хүсч байна.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ