Ясир Арафатыг хордуулсан байж болзошгүй гэнэ
Палестины удирдагч асан Ясир Арафат цацраг идэвхт полониумаар хордуулсан байж болзошгүй гэж Швейцарьт хийсэн шинжилгээний хариу нь гарсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ясир Арафатыг 2004 онд харвалт өгч, улмаар нас барсан хэмээн тэмдэглэсэн байдаг ч 2012 оны гуравдугаар сараас эхлэн гэр бүлийнхэн, ойр дотныхон нь түүнийг хорлогдсон гэж үзэж байгаа учир дахин шинжилгээ хийлгэсэн байна.
Тэднийг таамаглалыг баталж өндөр идэвхжилтэй полониум талийгчийн цогцсоос илэрсэн гэнэ. Палестины иргэд болон бусад олон хүн Арафатыг израилиуд хордуулж хөнөөсөн хэмээн сэрдэж байгаа аж. Тус шинжилгээний хариуг Израилийн тал эрс няцаасан тайлбар өгчээ. Израилийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч дээрх шинжилгээний хариутай холбогдуулан мэдээлэл хийхдээ “Швейцарийн шинжилгээний хариу бол шинжлэх ухаан гэхээсээ илүү муухан найруулсан савангийн дуурь байна” гэв. Хэдийгээр хордуулсан байж болзошгүй гэсэн таамгийг дэмжсэн хариу гарсан ч талийгч нас бараад олон жил өнгөрсөн учир хөдөлшгүй баттай мэдээлэл гаргах боломжгүй гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ