Шилдэг бичлэгийн эзэд их сургуульд төлбөргүй сурна

img

“Монголын сайхан бичигтэн-2013” улсын уралдаан энэ жил 17 дахь удаагаа болох гэж байна. Тус уралдаан нь үндсэн зургаан ангилалаар явагдана.

Уралдааны хамгийн бага насны ангилал болох 1-7 дугаар ангийн сурагчид дурын сэдвээр алдаа мадаггүй, хичээнгүй цэвэрхэн хуулсан гар бичмэлээр оролцох буюу тэдний бичлэгийн хэв, зурлагыг онцлон анхаарч шалгаруулдаг байна. Харин 8-10 дугаар ангийн сурагчид “Хужирт” цэвэр усны тухай, Монгол бичгийн мэргэжлийн багш нар “Зөв монгол хүүхэд–үндэсний хөтөлбөрийн агуулга, зорилго, шинэлэг тал” сэдвээр эх найруулан бичиж оролцох аж.

11 дүгээр ангийн сурагчид болон насанд хүрэгчид Ноён хутагт Данзанравжаагийн уран бүтээлийн тухай эх бичин өрсөлдөнө. Мөн уран бичлэгийн, бичвэрийн бус бүтээлийн ангилал байдаг. Монгол бичгийн бичлэгийн бус төрөлд уралдааны тогтсон уламжлал ёсоор аль ч төрөлд оролцогчид өөрсдийн авьяас чадварын дагуу цаасан дээр үйлдсэн бичлэг төдийгүй  бийр бэх, муутуу, даавуу, торго, үйс, мод зэрэг бичиг номын уламжлалт аргаар бүтээсэн эвхмэл, наамал, оёмол, сийлбэр, хатгамал зэрэг төрөл бүрийн бичлэг, дүрслэг бичиг зэрэг зөвхөн энэ оны шинэ бүтээлээрээ оролцоно.

Уралдаанд оролцогчид бүтээлээ ирэх сарын 1-15-ны дотор “Хүмүүн бичиг” сонинд хүргүүлэх ёстой. Ангилал тус бүрт эхний байрт шалгарсан бүтээлийн эзэд ирэх оны нэгдүгээр сард Ерөнхий сайдаас шагналаа гардан авах юм байна.  Үүнээс гадна 11 дүгээр ангийн сурагчдаас шалгарсан шилдэг дөрвөн бичлэгийн эздийг Засгийн Газрын 2004 оны 167–р тогтоолын дагуу 2014-2015 оны хичээлийн жилд МУИС-ийн Монгол хэл соёлын сургууль, МУБИС-ийн Монгол судлалын сургуульд тус тус урилгаар элсүүлж, суралцах хугацааных нь сургалтын зардлыг сургалтын “Төрийн сан” бүрэн хариуцахаар болжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ