Тусгай хамгаалалттай газрынхан пургон машинтай боллоо
БОНХЯ-аас 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадад өнөөдөр пургон машин өгч, түлхүүрийг нь БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд гардуулаа.
Байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалахад Улсын тусгай хамгаалалттай газрынхан хувь нэмрээ оруулж байгаа. Монгол орны нийт газар нутгийн 17,4 хувь буюу тусгай хамгаалалттай 99 газрыг хамаардаг 31 хамгаалалтын захиргаанд 350 гаруй байгаль хамгаалагч ажилладаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нэмэгдэж, өргөжин тэлэхийн хирээр эдгээр газруудын менежментийг сайжруулах, хамгаалалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал тавигддаг. Тиймээс салбарын яамны зүгээс цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно гэж албаны хүмүүс хэлж байсан.
Энэ удаа Отгонтэнгэр, Хан Хөхийн нуруу, Хан Хэнтий, Улаан тайга, Монгол Алтайн улсын тусгай хамгаалалттай газрын болон Их газрын чулуу, Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаад шинэхэн машины түлхүүрийг хүлээн авч нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Энэ онд нийт 12 хамгаалалтын захиргаанд пургон машин өгөх юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ