Хуулийн төслөө яаравчлахыг Л.Цог даргаас хүслээ
“Хэлмэгдэгсдийн төрсөн үр хүүхдүүд” төрийн бус байгууллага тамга, тэмдгээ аваад удалгүй сэтгүүлчдэд хандлаа. Тэд 1998 оны хоёрдугаар сараас эвсэл маягаар нэгдсэн ажиллаж байгаад өнөөдөр ийн ТББ болж үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлснээ мэдэгдсэн юм. Учир нь ийм төрлийн гурван холбоо, төрийн бус байгууллага Монголд байдаг аж.
Нас сүүдэр 80 хол гарсан тэдний эцэг, эх 1930-1940-өөд оны үед хэлмэгдэж нэг хэсэг нь буудуулсан. Нөгөө хэсэг нь шоронд ял эдэлж, эрүүл мэнд, амь насаараа хохирч эд хөрөнгөө төрд хураалган хохирч хэлмэгдэгсдийн төрсөн хүүхдүүд юм байна. Тухайн цаг, нийгэмдээ эсэргүүний хүүхдүүд хэмээн адлуулж хэлмэгдсэн хүмүүсийн төрсөн хүүхдүүдэд төрөөс олгож байгаа нөхөн олговрыг журмынх нь дагуу олгуулах ажлыг энэ ТББ-ынхан хариуцан туслалцаа үзүүлдэг аж. Хэлмэгдэгсдийн төрсөн хүүхдүүд өдгөө хүнд өвчтэй, нас дээр гарсан, амьдралын боломж тааруу төрөөс өгөх тэтгэмж, шинэ хуулийг батлагдахыг хүлээхэд нас, бие нь гүйцэхгүй болсон хэмээн сануулж байна.
Цагаатгалын комиссын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн тэдэнд нөхөн олговор олгох хуулийн төсөл боловсруулжээ. 2013 оны дөрөвдүгээр сарын 4-нд боловсруулсан хуулийн төсөлд хоёр заалт оруулсныг тэд онцоллоо. Тодруулбал, Улс төрийн хилс хэрэгт цаазлуулсан, эд хөрөнгөө хураалгасан хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр, үр хүүхдэд 90 сая төгрөг, Хорих ялаар шийтгүүлж, эд хөрөнгөө хураалгасан хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр, үр хүүхдэд 75 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг олгуулахаар төсөлд тусгажээ. Дээрх хуулийн төсөл одоо болтол УИХ-ын чуулганаар ороогүйд тэд эмзэглэж яаралтай хэлэлцэж батлахыг шаардаж байгаагаа байгаа юм.
Тиймээс Цагаатгалын комиссын дарга Л.Цогоос тэд дээрх хуулийн төслийг энэ намрын УИХ-ын чуулганаар оруулж өгөхийг хүссэн юм.
Сул мөнгө олох зорилготой зарим хүн дээрх хуулийн төслийн санааг гуйвуулж нөхөн олговрыг зөвхөн буудуулсан хүний хүүхдэд, насны ялгавартайгаар олгох саналыг дэмжүүлэхээр хөөцөлдөж байгаад хөгшчүүл гомдолтой, сэтгэл дундуур байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ