KFC ирэх таван жилд Монголд 15 салбараа нээнэ

img

Манай улсын эдийн засаг хурдацтай өсч байгаатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнүүд Монголд орж ирсээр байна. Үүний нэг нь бөмбөрцөг даяараа танигдаж, олны талархлыг хүлээсэн алдарт KFC сүлжээ ресторан юм. Тус ресторан өдгөө дэлхийн 120 оронд 150 орчим мянган салбартай бөгөөд эдгээрээр өдөртөө 100 гаруй сая хүн үйлчлүүлдэг. Харин Монголд үүдээ нээгээд хагас жил болж буй юм. Нээгдсэн цагаасаа л олны хөлд даргадсан KFC рестораны хамт олон өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

.

Шарсан төмс 7 минутын дотор зарагдахгүй бол шууд хогийн саванд

.

Хамгийн түрүүнд хэвлэлийнхэнд  KFC-ийн амтат тахиа, бургерийг бэлтгэдэг гал тогоотой танилцах хүсэл их байв. Иймээс тус рестораны менежер Д.Ганбат сэтгүүлчдэд хөтөч хийн, бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцтай танилцуулсан юм. Ариун цэврийн шаардлагыг хангах үүднээс биднийг зориулалтын малгайтай дотогш нэвтрүүллээ. Үүдээр ороход л тав тухтай, цэвэрхэн орчноор үйлчлүүлэгчдээ угтдаг тус рестораны гал тогоо ч мөн адил бүх зүйл нь эмх цэгц, зохион байгуулалттай цэвэр цэмцгэр ажээ.

.

Энд төмс, тахиа шарах, хадгалах зэрэг бүх ажлыг бусад орны салбарууддаа ашигладаг шиг, зориулалтын тоног төхөөрөмж дээр хийж, бэлтгэдэг байна. Уг тоног төхөөрөмжүүд нь бүгд автомат тохируулгатай тул, тухайн бүтээгдэхүүнийг бэлтгэж буй хүн  өөрийн таамаг, баримжаагаар бэлтгэж, болгоно гэсэн ойлголт байхгүй юм. Тухайлбал, тахиаг шарах зориулалтын найман тогоо энд байдаг. Нэг тогоонд өдөрт дунджаар 32 ширхэг мөч шардаг. Нэг удаад хэдийг шарахаас шалтгаалан цагаа тааруулж, битүү шардаг байна. Ингээд тахиагаа шарж бэлэн болгосны дараа тухайн тогооны доор байрлах тусгай шүүлтүүрээр тосоо шүүж цэвэрлэдэг аж. Ийнхүү шинээр тахиа бэлтгэх бүртээ шүүж цэвэрлэсэн тосонд шардаг тул өмнөх шарагдсан тахианы үлдэгдэл үйрмэг дараагийн бүтээгдэхүүнд орно гэсэн ойлголт үгүй аж. Мөн бэлэн болсон тахиаг зориулалтын хөргөгчинд, тусгай хэмд хадгалдаг.

.

Бидний сонирхлыг хамгийн ихээр татсан зүйл нь бэлтгэсэн бүтээгдэхүүний хадгалах хугацаа байв. Энд бүтээгдэхүүнийг өдөржин хадгална гэсэн ойлголт үгүй аж. Тодруулбал, бэлэн болсон бүтээгдэхүүн бүр дээр цаг, минут нь тавигддаг тул менежрүүд тухайн бүтээгдэхүүний хадгалах тогтсон хугацаа нь хэтэрвэл шууд хаядаг байна. Жишээ нь, эднийх шарсан тахиаг 1 цаг 30 минут, бургерийг 15 минут, шарсан төмсийг 7 минут хадгалаад, хэрвээ дээрх хугацаанд борлуулж чадаагүй бол шууд хогийн саванд ордог аж.

.

Гурил, бургерийн талхаа л Монголоос авдаг

.

Эднийх тахиа, төмсөө АНУ-аас, тосоо Малайзаас авдаг байна. Мөн сав, баглаа боодлоо ч гаднаас авдаг аж. Тус рестораны менежерийн ярьж буйгаар бүтээгдэхүүндээ дотоодын үйлдвэрийн сав баглаа боодлыг ашиглахаар шинжилгээнд явуулсан ч одоогоор KFC-ийн шаардлагад нийцэхгүй байгааг хэлж байв. Гэхдээ яваандаа Монголын сав, баглаа боодлын үйлдвэрүүд маань үйлдвэрлэлээ сайжруулбал, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд бэлэн байгаагаа мөн хэлж байсан. Харин тахиа бүрэх гурил болон бургерийн талхаа Монголоос авдаг байна. Эднийх бургерийн талхаа өдөр бүр татдаг бөгөөд харин бусад бүтээгдэхүүнийхээ түүхий эдээ даваа, лхагва, баасан гаригт татдаг аж. Ингээд төмсийг л гэхэд татан авснаасаа хойш гурав хоногийн дотор бүтээгдэхүүн болгон, худалдаж чадахгүй бол хаядаг аж.

.

Үйлчилгээндээ сард гурван удаа тандалт судлагаа явуулдаг

:

Тус ресторан оюутнуудыг цагаар ажиллуулдаг аж. Ингээд цагийн ажилчидтайгаа нийлээд 78 ажилтантай. Нэг удаадаа 180 хүн хүлээн авах багтаамжтай бөгөөд өдөрт дунджаар 3000-4000 хүнд үйлчилдэг аж. Кассан дээр сууж байгаа хүн эрүүл ахуйн шаардлага хангах үүднээс хэзээ ч бүтээгдэхүүнээ савладаггүй. Мөн үйлчилгээндээ дандаа нэг удаагийн сав, баглаа боодол ашигладаг байна.

.

Иймд саяхан нэгэн мэдээллийн хэрэгслээр гарсан тавган дээр тавьсан бургерын зурагтай үйлчлүүлэгчийн гомдлыг хараад гайхсан тухайгаа тус рестораныхан ярьж байсан. Учир нь эднийх хэзээ ч үйлчлүүлэгчдээ бүтээгдэхүүнээ таваглаж өгдөггүй, зориулалтын нэг удаагийн цаасан уутанд хийж борлуулдаг байна.

.

Тус ресторан нь сард гурван удаа бүтээгдэхүүний чанар, хийж бэлтгэж буй эрүүл ахуйн шаардлага, үйлчилгээний талаар тандалт судлагаа явуулдаг байна. Ингэхдээ төвөөс нь хэзээ ч хамаагүй нэг хүнийг үйлчлүүлэгч байдлаар илгээн, үйлчилгээ болон бүтээгдэхүүнд нь тандалт хийдэг аж. Хэрвээ ямар нэгэн зөрчил, дутагдал илэрвэл энэ талаараа анхаарч ажиллах талаар мэдэгдлийг цахим шуудангаар илгээдэг байна. Өөрөөр хэлбэл, хэзээ ч хэн ч ирээд үйл ажиллагааг нь шалгах магадлалтай тул өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтсон чанд стандартаа мөрдөж, хариуцлагатай ажилладаг тухайгаа менежрүүд нь хэлж байлаа.

.

KFC-ийн тахиа 70 жилийн түүхтэй

.

Энэхүү сурвалжлагаа дэлхийд хэдийнэ танил болсон тус рестораны түүхтэй товчхон танилцсанаар өндөрлөе. Харсан хүн бүрийг уриалан дуудаж буй мэт нүдэнд дулаахан инээмсэглэсэн эрхмийн логотой тус сүлжээ ресторан 70 жилийн түүхтэй. Анх хурандаа  Харланд Сандерс хэмээх хүн үүсгэн байгуулсан KFC шарсан тахиагаараа хэнийг ч өмнөө гишгүүлэхгүй. Анхны ресторанд тусгайлан сургасан тогооч нар, хурандаа Сандерсийн бий болгосон үндсэн жорын дагуу хоолоо бэлтгэж, өөр хаана ч давтагдашгүй сайхан амттай шарсан тахиагаар хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээсээр иржээ.

.

“Таван богд групп” ирэх таван жилд уг сүлжээ ресторандаа олон шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлээд зогсохгүй, 15 салбараа нээхээр төлөвлөжээ. Энэ жилдээ л гэхэд дахин шинээр хоёр ресторан нээхээр төлөвлөөд байгаа юм. Үүний зэрэгцээ үйлчилгээний шинэ хэлбэр болох Drive-Thru буюу авто KFC-г байгуулахаар төлөвлөж байна.

.

Дашрамд дурдахад “Таван богд групп” нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг билээ.

.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ