
Засгийн газрын шийдвэрээр НХХЯ-ны харьяа “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг БНСУ-д байгуулж нээлтийг нь энэ сарын 19-нд Сөүл хотод албан ёсоор хийжээ. Төвийн нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэл, НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөц хөгжлийн газрын дэд ерөнхийлөгч Ким Нам Ил болон албаны төлөөлөгчид оролцсон байна.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д манай 8500 орчим иргэн гэрээгээр хөдөө аж ахуй, барилга, загасны аж ахуй, үйлдвэр, хөргөх байгууламжийн салбарт ажиллаж байна. Үүнээс гадна албан бусаар ажиллаж, амьдарч байгаа, Солонгос хүнтэй гэр бүл болсон иргэдийг оролцуулаад 30 гаруй мянган хүн байна гэсэн тооцоо байдаг. “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэн бүрт хүрч ажиллах зорилготой бөгөөд тэдний хөдөлмөрлөх болон бусад хууль ёсны эрх ашгийг хамгаалах, бүх төрлийн мэдээллээр хангах үүрэгтэй ажиллах юм.
Ингэснээр тус улсад албан бусаар амьдарч байгаа болон Солонгос иргэдтэй гэр бүл болсон Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажлын хүрээ өргөжиж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ