Эва Мендес: Зүрх тархинд захирагддаг шиг, амьдрал намайг захирах нь байгалийн хууль юм
Холливуудын хагардаггүй шаазан хочтой жүжигчин Эва Мендес бол XX зууны №1 загвар өмсөгч Синди Кроуфордтой тун адилхан нэгэн. Тэрбээр “Оскар”-ын шагналт “Сургалтын өдөр” кинонд алдарт Дензел Вашингтон, Итан Хоук нартай хамтран тоглосноор кино урлагийн ертөнцөд хөл тавьсан билээ. Түүний анхны дүр “Жижигхэн ч, ихээхэн ач холбогдолтой” байсан хэмээн кино шүүмжлэгчид үнэлсэн байдаг. Түүний “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг сонирхуулж байна.
.
-Тоглож байсан кинонуудаас чинь хамгийн амархан бүтсэн дүр чинь аль вэ?
-“Stuck оn You” кино. Үнэхээр дүрдээ уусч чадсан. Буу мөрөвчлөхгүй, ямар нэгэн том бодол санаа агуулахгүй, эс бөгөөс хэцүүхэн охин байх шаардлагагүй байсан нь сайхан байлаа. Хамгийн сайхан нь ах дүү Фаррелли нартай маш сайн ойлголцож чадсан. Тэдний “Dumb and Dumber”, “Kingpin” хэмээх бүтээлүүд миний хамгийн дуртай кинонуудын нэг. Бүр жүжигчин болохоосоо өмнө үзэх маш их дуртай байсан юм. Тэдний хошин шогийн мэдрэмж надад таалагддаг байсан. Тиймээс бие төлөөлөгч маань “Ах дүү Фаррелли шинэ уран бүтээлдээ орох нь. Магадгүй чамайг тэдэнтэй холбож болох юм” гэхэд нь би “Тэгэлгүй яахав. Ямар ч уран бүтээл байсан хамаагүй” гэсэн дээ. Ямар дүр байгаа бол гэж би огтхон ч санаа зовоогүй.
_
-Тэгэхээр та энэ кинонд ямар ч хөлс өгөхгүй байсан ч тоглох байжээ?
-Би тэдэнтэй ойлголцдог. Би тэнэг биш шүү дээ/инээв/. Зүгээр л тоглож байна. Нэг уран бүтээлд оролцож эхэлсэн бол хамгийн багадаа 90 хоног, уртдаа 24 сар болдог юм. Энэ кино маань 111 өдөр болсон, мэдээж үнэ хөлсгүй ажиллабал би хохирно шүү дээ. Хүмүүс урлагийнхныг асар их хөрөнгөтэй гэж боддог юм. Та харалдаа миний түрүүвч нь дотор нэг аяга кофений мөнгө л байна шүү дээ.
_
-Би хэдэн сая доллар гарч ирэх нь гэж бодлоо шүү дээ?
-Тэр Брэд, Том хоёрын түрүүвчинд энэ зэргийн мөнгө байгаа. Бусад нь бол бүгд зээлээр амьдрагчид шүү дээ. Холливуудын одод баян биш ээ. Яаж баян байх вэ дээ. Өдөр бүр гоё сайхан харагдахын тулд үнэтэй зүйлсийг сагс руугаа чулуудсаар байгаад хоосорч гүйцсэн. Тэд чинь бардам зангаараа л өдий хүртэл амьдарч байгаа хэсэг иргэн. Би лав тэднийг саятан гэхэд итгэхгүй ээ. Яагаад гэвэл би ийм байхад.
_

-Олон жилийн туршид харилцаа холбоотой байсан цөөн хэдхэн хүн, мөн кинонд тоглохоор шалгуулахаар ирсэн охидоос санаа авсан. Априлын дүр бол тодорхой тогтсон хэв маягтай. Тухайлбал, хуурамч, тэнэгдүү хүн шиг, хэсэгчлэн сорлосон үстэй гэх мэт. Гэхдээ түүнийг ялгаж өгдөг ганц зүйл бий. Тэр нь түүний гайхалтай хувь хүн. Април тухайн хувь хүнээсээ болоод түүнийг хаана олж болох тэр газар очдоггүй юм. Тэрбээр зөвхөн өөрт таалагдсан хүмүүстэйгээ гадуур гардаг. Яг л над шиг. Өнөөдөр чи надад таалагдсан учраас л би чамтай уулзаж, ярилцлага өгч байна.
_
-Энэ туршлага тань таныг илүү олон инээдмийн кинонд тоглохсон гэсэн хүслийг төрүүлж байна уу?
-Тийм шүү. Би ямар нэгэн онцгой зүйл хийхийг маш их хүсч байгаагаа мэдэрч байна. Тиймээс инээдмийн кино бүр энэ кино шиг биш гэдгийг мэднэ. Тиймээ, үнэхээр цааш аялахыг хүсч байна. Бас инээдмийн киноны ачаар юуг нээж илрүүлж чадахаа хармаар байна. Яг л дурлалын бурхан Хитч шиг сор бүтээлүүдэд тоглохыг маш их хүсч байна.
_
-Таны жүжигчний карьер ийм амжилттай яваад хааяа ч гэсэн гайхах үе танд байх юм уу?
-50, 50 хувь. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн кино жүжигчин болж чадах байх гэж өөртөө их найдаж байсан. Гэхдээ энэ бүхэн ийм хурдан тохионо гэж бодоогүй юм байна. Тиймээс би бага зэрэг “шоконд ордог” шүү. Зарим кинонд гардаг шүү дээ. Эмэгтэй хүн баян эр эсвэл гоц ухаантанаа мэдээд хязгааргүй алдар нэрд умбадаг. Тэд хамгийн түрүүнд шүршүүрт ороод л дараа нь үнэтэй чамин хувцас өмсөөд эргэж толинд хардаг шүү дээ. Толинд туссан дүрс итгэхийн аргагүй гоо бүсгүйг нүд чинь харуулдаг. Тиймээ би нуухгүй, надад ч гэсэн кино урлагт цэрэг шиг зүтгэсний төлөө ийм том шагнал ирсэн. Би гэдэг хүн тэр өдрөөс өөрийгөө тав дахин үзэсгэлэнтэй хардаг болсон.
.
-Тэгвэл та өөрийн баримталдаг зарчмаа алдаж байгаа юм шиг санагддаг уу?
-Тийм ээ, би үүнийг бага багаар мэдэрч байна. Үүнтэй зохицох хэрэгтэй гэдгээ ойлгох болсон. Гэвч би бүх амьдралынхаа туршид ямар хүн байсан тэр хэвээрээ л байгаа. Зүгээр л амттай бялууг бүр амттай сайхан идэх хүслийг төрүүлдэг зүйл нь үнэтэй чамин зүйлс шүү дээ. Би өмнө нь зүгээр л бялуу байсан, харин одоо ойн юм уу, хуримын бялуу шиг харагдаж байна. Нэг үнэн нь хэзээ ч өмнөх шигээ энгийн бялуу болох хялбар гэдгийг, би мэддэг.
_
-Шинэ кинонд тоглох мэдээж сайхан байх. Яг ямар мэдрэмж өгдөг вэ?
-Мэдээж хэрэг итгэхийн аргагүй тэр нэг мэдрэмж. Найруулагч, кино зохиолч хоёр таван минутын зайтай яриад л чи ийм бүтээлд тоглох уу гэхэд, үнэхээр аз жаргал авдаг. Мөн шинэ киноныхоо сурталчилгааг амжилттай явуулахын тулд хувийн амьдралынхаа зах зухаас заавал дэлгэх дүрэмтэй байдаг нь надад таалагдахгүй байгаа, одоо хүртэл. Холливудын жүжигчний амьдралд дасан зохицсон нэгэн ингэж ярихгүй байх л даа. Энтертайнмент ертөнцийн хуулийг өөрчилж чадахгүй юм даа. Би гэдэг хүн эр шиг сэтгэлгээтэй ч гэсэн.
.
-Яг одоо, Эва Мендес миний өмнө хоёр гартаа цаасан аягатай каппучино бариад, хамгийн сүүлийн уран бүтээлийнхээ талаар сурталчилгаа хийх гэж байх шиг. Ярианы өнгөнөөс чинь харахад л тэгэж санагдлаа.
-Миний шинэ уран бүтээл. Энэ кинонд тэр өсвөр насны охиноо “шоучин” болж байгааг ч анзаарах сөхөөгүй ганц бие ээжийн дүрийг бүтээсэн. “Тэр бүсгүйн амьдрал эмх замбараагүй, тэр өөрөө өөрийгөө ч ойлгодоггүй. Ийм дүрийг бүтээж байгаа болохоор л надад таалагдаж” байгаа. Та нар нэг бол шинэ киноны тухай, нэг бол уналтын үед л минь сонирхдог биз дээ. Тиймээ энэ удаа би шинэхэн уран бүтээлээ танилцуулахаар ирсэн.
_
-Таныг хүмүүс хэзээнээс мэдэж эхэлсэн юм бол. Нуулгүй хэлэхэд, сүүлийн 5, 6 жилийн өмнөөс гэнэт л Эва гэх од гялтагнаж эхэлсэн шүү дээ?
-Шар сонины ухуулган дунд “урсч” явдаг олон нийт миний талаар нэг их юм мэдэхгүй байсан. Би 2008 оныг хүртэл хэвлэлийнхний дуранд тийм ч их өртдөг нэгэн, бүр хэн гэдгийг минь ч мэддэггүй байсан. Тэгтэл нэг л өглөө найман жилийн турш үерхсэн найруулагч Жеорж Августогоосоо салсан тухай сонингууд шуугиж эхэлж, хэвлэлийнхэн намайг ангуучилж эхэлсэн дээ. “Би бол өөрийн амьдралаа хувийн сэтгэлзүйчийн өрөөнд тухтайхан шийддэг эмэгтэй болохоос, олон нийтийн хов живийн бөмбөгдөлтийн нөлөөгөөр зохицуулдаг эмэгтэй биш гэдгээ бахархалтайгаар” хэлдэг. Зөвхөн олны танил байхдаа ч биш, эрүүл бие хүн байхын тулд ингэх нь дээр гэж боддог.
_
-Хэдий та олны нүднээс далдуур байхыг хүссэн ч “the Place beyond the pines”-ын зураг авалтан дээр Холливудын халуухан эрчүүдийн нэг гэгдэг Райн Гозлингтой танилцаж хамт амьдрах болсоноор бараг л өдөр тутам хэвлэлийн нүүрэн дээр гарах болсон шүү дээ?
-Ингэж л би гэдэг хүн гэнэт л алдаршсан даа. Би өдийг хүртэл нам жим амьдарч ирсэн болохоор сайн хэвшихгүй л байна.
_
-Хэдий зурагтаар өөртөө дэндүү итгэлтэй харагддаг ч, өдөр тутамдаа “битүү” хувцасладаг юм байна?
-Чи бусдын нүдэнд яаж харагдаж байгаа, чамд юу байгаа нь тийм ч чухал биш. Хүн болгон үүнийг ойлгоосой гэж би хүсдэг. Би өөртөө эрүүл, хүчтэй, аз жаргалтай имиджийг бүрдүүлж чадсан ч яг үнэндээ санаа зовних явдал тохиолддог. Одоо чамд таалагдахгүй байгаа биеийн чинь хэсгүүд нас ахиад ирэхээр чиний хамгийн сайхан чимэг байсныг ойлгох болно шүү гэж би охидод захидаг. Учир нь би өөрөө ингэж байсан юм. 13-тай байхдаа би өөрийнхөө том ам, тод мэнгэнээсээ ичдэг байлаа. Гэтэл том болоод би, өө сэвүүд минь л хамгийн хайр татам байсныг олж мэдсэн.
.
-Та яг одоо хаашаа явахыг хүсч байна?
-Би диваажинг ч, тамыг ч үзэхийг яг одоо хүсч байна. Амьдрал намайг хаана аваачна тэнд л байх хэрэгтэй байх даа. Зүрх тархинд захирагддаг шиг, амьдрал намайг захирах нь байгалийн хууль юм. Юу ч болж байсан би өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцаж, өөрийгөө хамгаалах болно.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ