Хувийн хэвшлийнхэн төрийн өндөрлөгүүдэд зөвлөмж хүргүүлнэ

img

 

Хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд өчигдөр чуулган зохион байгуулж, төрийн гурван өндөрлөгт "Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зөвлөмж"-ийг хүргэхээр болжээ.

Хэлэлцүүлэгт Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, МҮХАҮТ, МАОЭХ-ноос гадна 60 гаруй компанийн төлөөлөл оролцсон байна.  Хувийн хэвшлийнхэн Монгол улсад 800 мянган ажлын байр бий болгож, ДНБ-ний 75 хувийг бүрдүүлдэг атал төрөөс явуулж буй бодлого ихээхэн дарамт болж үйл ажиллагаагаа явуулах болон бизнесээ өргөжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа талаар ярилцжээ.

Тиймээс зөвлөмж гаргаж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр дараах зүйлсийг хийх ёстой гэж үзсэн байна. Тухайлбал, Эдийн засаг дахь төрийн оролцоог цаашид нэмэгдүүлэхгүй байх, төр хувийн түншлэлийн зөвлөлийг байгуулах, Үндэсний стратегийн хүрээлэнг байгуулж төрөөс бий болгож буй хууль тогтоомжид өөрсдийн оролцоотой ажиллаж хамтран судалгаа явуулах, жижиг дунд үйлдвэрийн салбарт олгох санхүүжилтийн хэмжээг дунд хугацааны туршид жил бүр нэмэгдүүлэх, төрөөс эрдэс баялаг, бусад салбарын хувьд баримтлах үзэл баримтлал, бусад бодлогын чиглэлд хувийн хэвшлийн саналыг тусгах, Ерөнхий сайдын дэргэд Төсвийн бодлогын зөвлөлийг бий болгох шаардлагатай гэжээ.

Бизнес эрхлэгчид цаашид ч  чуулж, төрд дуу хоолойгоо хүргэж байх нь зүйтэй гэж санал нэгдсэн байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ