Цалин нэмэхэд 135 тэрбум төгрөг төсөвлөжээ
УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээрийг нэг сар гаруйн хугацаанд хийсний эцэст тодорхой үр дүнд хүрчээ.
Энэ талаар хэлэлцээрт оролцогчдын төлөөлөл өнөөдөр Хөдөлмөрийн яаманд мэдээлэл хийлээ. Ирэх оны төсөвт цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байсан. Үүнийг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж, нэмэгдүүлэхээр гурван тал хэлэлцээрийг эхлүүлж, үүний явц удааширахад жагсана гэж мэдэгдэж байсан.
Үүний дүнд гурван тал улсын төсөвт тусгасан байсан 200 тэрбум дээр 35 тэрбум төгрөгийг нэмэхээр болжээ. Ингэхдээ 135 тэрбум төгрөгийг зөвхөн цалин хөлс нэмэхэд зарцуулах юм байна. Энэхүү нэмэлтийг хийхдээ инфляцийн өсөлт, улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн амьдрал ахуй, үнийг тогтвортой барих зэрэг бүх талын асуудлыг бодолцож үзсэн гэж гурван талт хэлэлцээрийн төлөөллүүд хэлсэн.
Одоогоор цалин хөлсийг хэдэн хувиар хэрхэн нэмэгдүүлэх нь тодорхойгүй байгаа аж. Энэ асуудлыг мөн гурван талт хэлэлцээрээр дахин хэлэлцэж, хөдөлмөрийн бүтээмж, мэргэжлийн ур чадвар зэрэгтэй нь холбон аль салбарт хэдэн хувиар нэмэхээ тогтоох юм байна. Эхний ээлжид Боловсрол, Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх тухай ярилцана.
МҮЭ-ийн холбоо Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн онд жилийн эцсийн инфляцийн түвшин 14 хувь, энэ оны есдүгээр сарын байдлаар 8,2 хувь буюу нийт инфляцийн түвшин 23,3 хувьтай байна. Мөн эдийн засгийн өсөлт 2012 онд 12,3 хувь, энэ оны эхний хагас жилд 11,3 нийт 23,6 хувийн өсөлттэй байгаа учир цалин тэтгэврийг 46,9 хувиар нэмэгдүүлэх үндэслэлтэй гэх саналыг тавьж байсан.
Энэ удаад шийдвэрлэсэн төсвөөр дээрх саналын дагуу цалин хөлс нэмэгдэх боломжгүй ч он гарсны дараа улс орны эдийн засагт тогтвортой байдал үүссэн нөхцөлд дахин энэ талаар ярилцах боломжтой гэдгийг МҮЭ-ийн холбооны дарга Х.Амгаланбаатар хэлсэн.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ