Жиргээнээс болж эрх чөлөөгөө хасуулах нь ихэслээ
Дэлхийн янз бүрийн оронд жиргээнээс болж асуудалд орооцолдох хэрэг олонтаа гарах болжээ. Энэ асуудлаар америкчууд манлайлж байгаа бол Турк, Кувейт, Мароккогийн иргэн санаатай санаагүй үг хэлнээс болж эрх чөлөөгөө хасуулсан байна.
Энэ оны тавдугаар сарын 30-нд АНУ-ын 22 настай иргэн Дон Жамар Симс хагас жил шоронд суух ял сонссон юм. Тэр удаа дараагийн цуврал жиргээгээрээ эрх чөлөөгөө хасуулсан байна. Симс “Би Барак Обамаг Ли Харвс Освальд шиг хорооно гэхчлэн жиргэж байжээ. Тэрбээр уучлалт гуйсан ч шүүхээс түүний ялыг хөнгөлөөгүй аж.
Мөн Мароккогийн иргэн 17 настай залуу Суфиан нууц нэрээр жиргээнд орж Барак Обамаг устгана гэж жиргэснийхээ төлөө эрх чөлөөгөө хасуулсан байна. Арабын орнуудад жиргээнээс болж өөртөө асуудал үүсгэх нь олонтаа тохиолддог аж. Өнгөрөгч сарын 29-нд Кувейтийн иргэн Хамад аль Наки лалын шашин, арабын улс орнуудыг доромжилсныхоо төлөө арван жил шоронд хоригдох болсон байна. Туркийн нэрт хөгжмийн зохиолч Фазиль Сай мөн л шашныг доромжилсон өнгө аястай бичлэгийнхээ төлөө дөрөвдүгээр сарын 15-нд Стамбулын шүүхээс арван жил тэнсэн харгалзах ял авчээ.
Английн иргэн Стейси хөлбөмбөгчин Фабрис Муамбыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхан доромжилсон тул 56 хоног хоригдох шийтгэл авсан байна. Энэ нь Британид жиргээнээс болж ял авсан анхны тохиолдол болжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ