Онцгой байдлын албаны 15 албан хаагч Японд суралцаж байна

img

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Улаанбаатар хотын гал унтраах аврах ажиллагааны арга барилыг дэмжих” төслийн хүрээнд ОБЕГ-ын Гал унтраах хэлтсийн дарга хурандаа Я.Ишжамцаар ахлуулсан Нийслэлийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч Япон улсын Саппоро хотод нэг сарын сургалтад хамрагдаж байна.Сургалт 2013 оны 11 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрүүдэд Саппоро хотод зохион байгуулагдах юм.

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү уг сургалтын нээлтэд оролцож, Саппоро хотын дарга Уэда Фумио, орлогч дарга Икушима Нориаки, “Жайка”-ийн захирал Нива Нориаки, Гал түймэртэй тэмцэх газрын дарга Сато нартай уулзан цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр албаны уулзалтыг хийгээд ирлээ.

Мөн уулзалтын явцад 2 хотын галын байгууллагын албан хаагчдыг харилцан туршлага судлуулах саналыг талууд дэмжин ажиллахаар тохиролцжээ.

Албан хаагчид Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газарт нийлүүлэгдсэн 39 автомашин, тэдгээрийг дагалдан ирсэн гал унтраах техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалт, үр дүнтэй хэрэглэх арга зүйд суралцах төдийгүй өндөр барилга байгууламж, газар доорхи давхрууд, нефтийн бүтээгдэхүүнд гарсан галыг унтраах дадлага хийх юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ