Цагаан будааны үнээр хэмжигдсэн хэрэглээ
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Энэ оны эхний арван сарын байдлаар гарсан тоон үзүүлэлт дунд эдийн засгийн өсөлт анхаарал татаж байна. Хэрэглээний үнийн индекс гэхэд аравдугаар сард өмнөх сарынхаас 1.4 хувь, оны эхнээс 9.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ өсөлтөд бидний цаг тутмын хэрэглээ болсон хүнсний бүтээгдэхүүн голлох нөлөө үзүүлсэнгүй. Харин хувцас, бүс бараа, гутлын бүлгийн бүтээгдэхүүн 3.6 хувиар өссөн нь инфляци өсөх гол шалтгаан болсныг Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хэлж байна.
.
Өсөлтөд нөлөөлсөн дараагийн хүчин зүйл нь орон сууц, ус, цахилгаан, түлшний үнийн нэмэгдэл. Улирлын шинж чанараас хамаарч, хэрэглээ нь нэмэгдсэнээс орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 3.8 хувиар нэмэгдсэн нь хэрэглээний индекс өсөх шалтгаан болжээ. Статистикчдын тооцоолон гаргаснаар нөлөө үзүүлж буй дараагийн бүтээгдэхүүн нь хүнсний хэрэглээ. Тэр дундаа гурил, цагаан будааны үнийн өсөлт инфляцид ихээхэн нөлөө үзүүлснийг мэргэжилтнүүд хэлэв. Нэг килограмм нь 2000 даваад буй цагаан будаа бусад бүх хэрэглээний үнийн өсөлтөд тодорхой “хувь нэмрээ” оруулжээ. Б.Бадамцэцэг даргын хэлж буйгаар хүнс тэр дундаа импортоор орж буй бүтээгдэхүүний өсөлт илүү байгаа аж.
.
Хэрэглээний сагсанд байдаг нийт 329 нэр төрлийн бүтээгдэхүүний 40 хувь өсөлттэй байна. Зөвхөн хүнсний бараа бүтээгдэхүүний 60 хувь нь үнийн өсөлтөд өртөж, та бидний хэтэвчинд нөлөөлж эхэлсэн гэсэн үг. Энэ бүх өсөлт дундаас доош орлоготой иргэдэд илүү хүндээр тусдаг байна. Өөрөөр хэлбэл, энэ маягаар өсөөд байвал дундаас доош орлоготой байсан иргэд ядуу түвшин руу орох нь цаг хугацааны л асуудал. 100 хүний 27 нь ядуу гэсэн үзүүлэлт хэд болж өсөхийг таах боломжгүй ч өдөр тутмын хэрэглээ болсон гурил, цагаан будаа үнийн шуурганд өртсөн нь таатай зүйл дагуулахгүй нь мэдээж юм.
.
В.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ