Зэрлэг гахай агнах нэг ч зөвшөөрөл олгоогүй байжээ
Хилийн тагнуулын газрын албан хаагчид өнгөрсөн сарын сүүлчээр хоёр ЗИЛ-131 машины тэвшээр дүүрэн зэрлэг гахай ачиж явсан этгээдүүдийн талаар ирсэн мэдээллийн мөрөөр ажиллаж байгаа тухай саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн билээ.
Тус мэдээлэлд жилд 70 ширхэг зэрлэг гахай агнах зөвшөөрлийг БОНХЯ өгдөг тухай дурьдсан байсан. Энэхүү зөвшөөрлийн талаар Амьтан ургамлыг хамгаалах үндэсний хорооны ажилтан А.Баясгалангаас тодруулахад “2013 онд Засгийн газрын 92 тоот тогтоолоор тусгай зөвшөөрлөөр агнах, барих амьтдын жагсаалтад 10 зэрлэг гахайг гадаадын анчдаар агнуулахаар тогтоосон байдаг. Гэвч одоогоор нэг ч аж ахуйн нэгж зөвшөөрөл аваагүй байна. Харин дотооддоо ахуйн зориулалтаар агнах зөвшөөрлийг тухайн аймгийн ИТХ агнуурын нөөцөө тогтоох судалгааг хийлгэсний үндсэн дээр орон нутаг өөрөө олгодог. БОНХЯ-нд агнуурын нөөц тогтоосон төлөвлөгөөгөө танилцуулдаг” гэлээ. “Амьтны тухай Монгол Улсын хууль”-ийн энэхүү шинэ өөрчлөлтийн дагуу энэ онд БОНХЯ-нд нэг ч аймгаас нөөц тогтоосон төлөвлөгөө ирээгүй. Мөн зэрлэг гахай агнах зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгжид олгосон аймаг байхгүй аж.
Зэрлэг гахайг хууль бусаар агнасан тохиолдолд “Амьтны тухай хууль”-иар зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ