Өнөөдөр уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

img

Пневмони буюу уушгины хатгаа өвчин нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болж байна. Жил бүр 1.5 сая орчим хүүхэд энэ өвчний улмаас эндэж байгаа нь дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд амь насаа алдаж байна гэсэн үг юм.

Хөгжиж байгаа орнуудын хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа пневмони өвчнийг хяналтандаа авахын тулд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2009 онд “Пневмонигоос сэргийлэх, хяналтанд авах Дэлхий нийтийн төлөвлөгөө”–г боловсруулжээ. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой “Хүүхдийн пневмонитой тэмцэх бүх нийтийн эвсэл” гэх олон улсын, олон нийтийн байгууллага 2009 онд байгуулагдсан байна. Энэ оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “Пневмонитой тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэх болжээ.

Манай улсад ч, хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгаагийн өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байсаар байна. ДЭМБ-ын урьдчилан тооцоолсноор 2009 онд 5 хүртэлх насны хүүхдийн дунд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаагийн 3212 менингитийн 25 тохиолдол, бусад инвазив өвчний 147 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс 192 нь нас бардаг байх магадлалтай аж.

ДЭМБ-ын 63 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэглийг бууруулах хамгийн үр дүнтэй, ашигтай аргын нэг нь пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах явдал гэж тунхагласан. Монгол улс 2016 оноос эхлэн уушгины хатгаа өвчний эсрэг Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар бага насны хүүхдүүдийг дархлаажуулж, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго тавин ажиллаж байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ