Хүрэлдсэн Сүхбаатарын хөшөөг 2 сарын 20-нд улсын комисст хүлээлгэн өгнө

img

Сүхбаатарын хөшөөг хүрэлдэх, суурийг нь гантиг чулуугаар сэргээн засварлах ажил өнгөрсөн оны ес дүгээр сард эхэлсэн. 800 сая төгрөгөөр хийгдэж байгаа энэ ажил ирэх сард дуусахаар байгаа юм байна. Ингэснээр жанжингүй өвөлжсөн Сүхбаатарын талбай хоёрдугаар сарын 20 гэхэд хүрэлдсэн шинэ жанжинтай болох юм байна. Сүхбаатарын хөшөө болон бат бөх, хүчирхэг байхын бэлгэдэл болсон 14 арслангаас хэв авч,  өнгөрсөн оны 10 сард Бээжин лүү  явуулсан. Тэгвэл өнгөрсөн сард арсланг боржин чулуугаар хийгээд монголд авчирсан байна. Одоо суурийн хавтанг хийж дуусаад суурилуулах ажил хийгдэхээр болжээ. Хөшөөг хүрэлдэх ажил эхэлснээр Сүхбаатарын хөшөөг БЗД-ийн Тохижилт үйлчилгээний хашаанд аваачиж орхисон. Хөшөөг Сүхбаатар жанжны төрсөн гэрийн бууц байдаг БЗД-ийн 12-р хороонд аваачна гэж байсан ч одоог хүртэл аваачаагүй гэж байна. Сүхжанжны хөшөө хотын мэдэлд байдаг, хот яахаа шийдэх ёстой юм байна.

Сүхбаатарын хөшөөг хүрэлдэх, суурийг нь гантиг чулуугаар сэргээн засварлах ажлыг хариуцан хийж байгаа Засгийн газрын төлөөлөгч Н. Гантөмөрийн хэлж байгаагаар хүрэлдсэн жанжны хөшөө ирсний дараа хуучинтай нь тулгаж, ижилхэн болсон эсэхийг шалгаж үзнэ. Үүний дараа хуучин хөшөөг хэрхэхийг хот шийднэ биз гэлээ.

Энэ онд олноо өргөгдсөн богд хаант улс болсноо зарлан тунхагласны 100 жилийн ой, ардын хувсгалын 90 жил, монгол ардын нам байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаа. Энэ олон баярт зориулаад жанжны хөшөө болон маршал Чойбалсаны хөшөөг хүрэлдэж байгаа юм. Сүхбаатар жанжны хөшөө ирэх сарын 20 гэхэд хуучин байрандаа байх бол Чойбалсангийн хөшөөг хавар гэхэд Монгол Улсын Их Сургуулийн нэгдүгээр байрны өмнөх талбайд байрлах юм байна.

Л.Ариун-Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ