“Гал үндэстэн холбоо”-ныхон өмгөөлөгч хөлслөх мөнгө цуглуулж эхэлжээ
Өнгөрөгч есдүгээр сард хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы нээлттэй зэрэгцэн урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн байгаль орчны төлөөх ТББ-уудын төлөөлөл зэвсэгтэй жагсаал хийсэн билээ. Тэд Төрийн ордон руу галт зэвсэгтэй нэвтрэхийг завдаж “Централ Таур”, БОНХЯ зэрэг хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг тавьсан хэрэг гарсан билээ.
Энэ дагуу “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болоод нэр бүхий зургаан хүнийг баривчлан шалгаж байгаа.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийхдээ “Яллах дүгнэлт гараагүй байхад, тэдгээр нөхдийг зандалчид хэмээн буруутган шоронд хорьж, эх орноо хайрласан үйл ажиллагааг нь зориуд харлуулж олон түмэнд буруу ойлголт төрүүлж байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр, Ч.Мөнхбаяр болон түүний нөхдийг өмгөөлөх өмгөөлөгчийн хөлс өндөр байгаа учраас ХААН банкинд 5027667274 дугаартай өмгөөллийн хандивын данс нээснээ мэдэгдэж байсан.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан “Гал үндэстэн холбоо”-ны хамтран тэмцэгч “Голомт-ЦЭХ” ТББ-аас “Гал үндэстэндээ туслая” хандивын аян эхлүүлжээ.
Уг хандивын аянаараа УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр хоригдсон хүмүүст өмгөөлөгч авах мөнгө цуглуулж, тэдний ар гэрийхэнд сэтгэл санааны болоод эд материалын тусламж үзүүлэхийг уриалж байгаа гэнэ.
Энэ талаар “Харуул алтайн хишиг сан”-гийн тэргүүн Г.Алтанцэцэгээс тодруулахад “Тиймээ, бид “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болоод нэр бүхий зургаан хүнд өмгөөлөгч авахын тулд хандивын аян хийж байна. Газар шороогоо хамгаалж яваад хилс хэрэгт ороод байгаа бидэнд өмгөөлөгч авах тийм их мөнгө байхгүй” хэмээн хэлсэн юм.
Дашрамд дуулгахад, газар шорооныхоо төлөө тэмцэгчид Ц.Мөнхбаяр нарыг хоригдож байхад ч тэмцлээ үргэлжлүүлж байгаа гэнэ. Тухайлбал, тэд ирэх баасан гаригт Хан-Уул дүүргийн Цөмийн энергийн газар шаардах бичиг хүргүүлж, жагсаал зохион байгуулахаа дуулгасан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ