МАН-ын удирдлагууд мягмар гариг бүр уулзалт хийнэ
Тусгаар тогтнолын ордонд “МАН-ын нээлттэй өдөр” уулзалт хэлэлцүүлэг эхэллээ. Уулзалтад намын удирдлагууд, Удирдах зөвлөлийн гишүүд болон намын жирийн гишүүд оролцож байна.
Уулзалт хэлэлцүүлгийг нээж МАН-ын шинэ дарга М.Энхболд хэлэхдээ “Монгол ардын намын улирдлагууд долоо хоног бүрийн ням гаригт гишүүд дэмжигчидтэйгээ уулздаг уламжлалтай. 1996-2000 оны хооронд манай нам сөрөг хүчин байхдаа энэхүү уулзалтыг тогтмол хийж, эрх баригч намын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийдэг байсан. Өөрсдөө эрх барьж байхдаа гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж алдаа оноогоо сонсож, дараагийн хийж хэрэгжүүлэх ажлаа зөвлөлдөж, ажил хэрэг болгож ирсэн. Сүүлийн 5-6 жил энэ уламжлал маань тасраад байсныг өнөөдрөөс дахин эхлүүлж байна. Одоо долоо хоног бүрийн мягмар гаригт гишүүд дэмжигчтэйгээ уулзаж, ард түмэнд үгээ хүргэж, сөрөг хүчнийхээ үүргийг жинхэн утгаар нь хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Хуучин уламжлалаа шинэчлэн сайжруулж, дахин үргэжлүүлж байгаа нь манай намын шинэчлэлийн эхлэл” хэмээн онцоллоо.
Тус намынхан Шинэчлэлийг бодлогын, боловсон хүчний, үйл ажиллагааны гэсэн гурван чиглэлээр авч үзэж байгаа гэнэ. Монгол Ардын нам шинэчлэл эв нэгдлийн гэх тодотголтой XXVII Их хурлаараа бодлогын шинэчлэлээ тодорхойлсон. Боловсон хүчний шинэчлэлийн хүрээнд бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж, цомхон баг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн. Энэхүү шинээр томилогдсон баг нь долоо хоног бүрийн мягмар гаригт иргэд, гишүүд дэмжигчдээ хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсч, бодлого шийдвэртээ тусгах “МАН-ын нээлттэй өдөр” хэмээх шинэчлэлийг эхлүүлсэн гэнэ.
Монгол Ардын намынхан долоо хоног бүрийн мягмар гариг дахь уулзалтаас гадна нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутагт очиж, XXVII Их хурлын бодлого, шийдвэрийг гишүүд, дэмжигчиддээ танилцуулах юм байна. Мөн улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар ч иргэдтэй уулзаж ярилцах нэг сарын аян өрнүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Ардын нам хойшид ард түмний нам байж, ард иргэд, намын гишүүн бүрт хүрч ажиллан, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын тулд санаа бодлоо нэгтгэн, хамтарч ажиллах болно гэдгээ МАН-ын удирдлагууд энэ үеэр мэдэгдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ