Эхний 10 сард 2371 зөрчлийг гаалийнхан илрүүлжээ
Эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулснаар Гаалийн ерөнхий газрын харьяа 18 газар, хороод оны эхний 10 дугаар сарын байдлаар нийт захиргааны 2371 зөрчил, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 100 зөрчил илрүүлэн, хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс Улаанбаатар хот дахь Гаалийн газарт захиргааны 836, эрүүгийн шинжтэй зөрчил 26, Замын-Үүд дэх Гаалийн газарт захиргааны 634, эрүүгийн шинжтэй 40 зөрчил илрүүлжээ.
Тус байгууллага нь зөрчилд холбогдсон нийт 41.6 сая төгрөгний бараа хураан авч улсын орлого болгосон байна. Мөн холбогдох хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нийт 368.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан аж. Түүнчлэн 251.5 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн байсныг нөхөн төлүүлжээ.
Дээрх илрүүлсэн нийт зөрчлийн дийлэнх нь хориглосон барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдах, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх, гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх, мэдүүлэх журам зөрчих зөрчлүүд эзэлсэн байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ