Үндэсний зөвлөлдөх уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 16-ны бямба гаригт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Нэргүй нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Урьд өмнө болж байгаагүй үндэсний хэмжээний уг уулзалтад шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн төлөөлөгчид оролцохоос гадна дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг анх удаа бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд оролцуулахаар болоод байгаа юм. Үндэсний зөвлөлдөх уулзалтын нээлт, хаалтыг орон даяар шууд дамжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэхээр болоод байна. Энэ үеэр таван салбар хуралдаан хуралдана.
Шийдвэр гаргагчдын салбар хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар, Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар, Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МУИС-ийн ректор А.Галтбаяр нар, Хэвлэл, мэдээллийн төлөөлөл оролцох салбар хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар тус тус хөтлөн явуулахаар болжээ. Салбар хуралдаануудаас санал зөвлөмж гаргах бөгөөд эдгээрийг нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.
Уг уулзалтад 800 орчим төлөөлөгч оролцох бөгөөд тэдний 90 нь хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл юм. Уулзалтыг нээж 14.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсний дараа салбар хуралдаанууд болж 16.40 цаг хүртэл үргэлжилнэ. Нэгдсэн хуралдаан 17.00 цагт эхэлж салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдтэй танилцах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ