Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэнд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцээ. Төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцууллаа. Танилцуулгад дурдагдсанаар, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.865.0 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.251.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 410.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөвлөжээ. Мөн Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1.246.1 тэрбум төгрөгөөр, зарлагыг 1.289.3 тэрбум төгрөгөөр тооцож, сангийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 43.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөвлөжээ. Хүний хөгжил санд 549.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөж, зарлагыг 312.1 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.

 

Байнгын хорооны хуралдаан дээр ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэгбүрчлэн санал хураалгаж шийдвэрлэсэн. Ингэснээр Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу 2013 оны төсвийн тодотголоор 2014 оны төсөвт тусгахаар хойшлуулсан 144 төсөл, арга хэмжээний санхүүжих эрхийг түр зогсоож, төсөвт өртөг болон 2014 онд санхүүжих дүнг “О” дүнтэй болгож өөрчлөн эдгээр арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн шалтгааныг нягтлан шалгаж тогтоон, Улсын Их Хурлаас шийдвэр гаргах хүртэл санхүүжилтийн эх үүсвэрийг нь зогсоож, 2014 онд санхүүжих 139394,8 сая төгрөгийг Сангийн сайдын багцад байршуулах, мөн 2013 оны төсвийн тодотголоор хасагдаад 2014 оны төсвийн төсөлд тусгагдаагүй 96 төсөл, арга хэмжээний төсөвт өртөгийг төсөлд “О” дүнтэйгээр нэмж тусгах санал дэмжигдсэн гэлээ.Тус Байнгын хорооны ажлын хэсгээс “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэнийг гишүүдийн олонх дэмжжээ.айнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсаны дараа УИХ дахь намын бүлгүүд санал, дүгнэлтээ танилцуулсан.

 

Ардчилсан намын бүлэг санал, дүгнэлтдээ нэгдсэн төсвийн зардалд төрийн захиргааны байгууллагын тавилга, эд хогшил, компьютер, тоног төхөөрөмж, автомашин худалдан авахад 27 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн нь оновчтой бус байна. Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголоор санхүүжилтийн дүн буурсан болон хасагдсан, 2012-2013 онд гэрээ байгуулан хэрэгжиж байгаа зам, гүүрний барилгын ажлуудын санхүүжилтийн эх үүсвэр 2014 онд төсвийн төсөлд тодорхой тусгагдаагүй байгаад Засгийн газар анхаарах нь зүйтэйг хэлсэн юм.

Харин МАН-ын бүлэг санал, дүгнэлтдээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн худалдан авах чадвар эрс суларч байгаа энэ үед төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг төгрөгийн худалдан авах чадвар, инфляцийн түвшинтэй уялдуулан 25-30 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг дурдлаа.

 

 “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг санал, дүгнэлтдээ, төсвийн хөрөнгийн орлогыг болон хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон үр ашгийг нарийвчлан тооцож төлөвлөх замаар төсвийн орлогын бүтцийг сайжруулах, өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хавтгайруулсан бодлогод шинэчлэл хийж, нийгмийн халамж, үйлчилгээ шаардсан зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэх, улсын хил орчмын болон төвөөс алслагдсан сумдын хөгжлийг дэмжин Улаанбаатараас хөдөө орон нутаг руу чиглэсэн хүн амын шилжилтийг урамшууллын бодлогоор шийдвэрлэх, орон нутагт нэмүү өртөг шингэсэн байгаль, экологид аюулгүй боловсруулах үйлдвэр байгуулж иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэв.

Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт болон УИХ дахь намын бүлгүүдийн санал, дүгнэлтийг сонссоны дараа Төсвийн байнгын хорооноос нэгтгэн гаргасан зарчмын зөрүүтэй 110 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Санал, хураалтын явцад гишүүд асуулт асууж хариулт авав.

Зарчмын зөрүүтэй саналууд дээр гишүүд байр сууриа илэрхийлж тайлбар, тодруулга авснаар санал хураалтууд дэмжигдэж, төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууслаа. Улмаар төсвийн хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

 Чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш үргэлжилнэ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolzoo:
tsadsan amitad shig, huurhun yma.
2013-11-17