БГД-ийн Засаг дарга 38-р дугаар сургуулийн газрыг хууль бусаар авахаар шийджээ
Нийслэлийн Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар дунд сургуулийн багш нар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд сургуулийнхаа эзэмшил газрыг дүүргийнхээ Засаг дарга Д.Оросоод алдахад хүрээд байгаа тухайгаа ярьсан юм. Тус сургуулийн багш нар уг хууль бус үйлдлийг эсэргүүцэх ажлын хэсэг байгуулжээ.
6
Тус сургуулийн хоёр барилга нь БГД-ийн ЗДТГ-ын урд байрладаг. А байр нь 1960 онд 500 хүүхдийн багтаамжтайгаар баригдсан. Б байр нь 1956 онд ашиглалтад орж байсан 340 хүүхдэд сургалт явуулах боломжтой байжээ. Харин уг байрыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт МХЕГ-аас гаргасан тул акталжээ. Нэг байраа ашиглах боломжгүй болсон учраас тус сургуулийн 1136 сурагчийн 647 нь БГД-ийн 47, 78 дугаар сургуулиудад хуваагдан явж байгаа бол үлдсэн хэсэг болох 6-11 ангийн сурагчид А байрандаа хичээллэж байгаа юм байна.
7
38 сургуулийн Математикийн багш Л.Мижигмаагаас энэ асуудлын талаар тодрууллаа.
6
-Сургуулийн чинь эзэмшлийн газарт барилга барих болсныг хэзээ мэдсэн бэ?
-Энэ сарын 06 буюу өнгөрөгч лхагва гарагийн өглөө манай сургуулийн хашааны үүдэнд өрөмдлөгийн машин ирээд энэ газар дээр Нутгийн удирдлагын ордон барих гэж байгаа тул хөрсний дээж авахаар ирлээ гэсэн. Тэгэхээр нь бид оруулаагүй. Энэ үеэс л мэдлээ. Гэтэл ээнэ сарын 01-нд Д.Оросоо дарга хотын захирагчийн албанд “БГД-ийн ЗДТГ-т газар эзэмших эрх олгох” тухай хүсэлт илгээсэн байгаа юм. Үүндээ одоогийн ашиглаж байгаа тамгын газрын байр нь ажлын шаардлага хангахгүй байгаа тул нутгийн удирдлагын ордныг одоогийн ашиглаж байгаа байрныхаа урд талд автомашины зогсоолын хамт барих боломжтой. Бид нийслэлийн БГД-ийн боловсролын газар болон 38 сургуулийн удирдлагуудтай зөвшилцөж энэ шийдвэрийг гаргасан тул БГД-ийн ЗДТГ-ын урд талд 1970 м.кв газрыг олгож өгнө үү” гэсэн байсан.
6
-1970 м.кв гэхээр танай сургуулийн газрын аль хэсгүүд хамрагдахаар байна. Танай сургуулийн удирдлагууд тэгээд зөвшилцсөн хэрэг үү?
-Дээрх хэмжээг харахад манай сургуулийн Б байрын хэсэг болон сурагчдын чөлөөт цагаа өнгөрүүлдэг ганц талбай хүртэл орчих гээд байгаа юм. Иймд бид үнэхээр эсэргүүцэж байна. Удирдлагуудтай зөвшилцсөн гэхээр бид тэднийгээ хардаж байсан. Тэгээд Д.Оросоо даргатай уулзахад эхлээд захиралтай чинь зөвшилцсөн гэсэн гэтэл манай захирал ямар ч зөвшилцөл хийгээгүй байхаар эрхлэгчтэй гээд бүр сүүлдээ багш нартай болж хувирсан. Гэтэл түүнтэй зөвшилцөж газраа өгье гэсэн хэн ч манай сургуульд байхгүй. Тэрээр өндөр албан тушаалтай, шударга байх ёстой хүн байж маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн.
6
-Дүүргийн удирдлагуудтайгаа уулзсан биз дээ. Юу гэж байна?
-Өчидөр орой 17:00 цагт БГД-ийн удирдлагуудтай уулзсан. Засаг дарга Д.Оросоо болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон бусад удирдлагууд ирсэн. Нутгийн удирдлагын ордон барихын тулд манай сургуулийн газраас тодорхой хэмжээний газар авна гэж байна лээ. Ирэх даваа гарагт хоёр талын ажлын хэсэг дахин уулзаж зураг төсөл дээрээ ярилцахаар болсон. Тэд нутгийн удирдлагын ордон баривал шинэ сургууль барьж өгнө хэрэв баригдахгүй бол шинэ сургуулийн зардал төсөвт суулгахгүй гэсэн шүү. Мөн бид нарыг улстөржиж байна гэж загнаж байна лээ. Бидний дунд нэг ч намын гишүүн байхгүй, юун улстөржих биш 1200 хүүхдийнхээ сурах орчин, эрх ашгийг хамгаалах л гэж явна.
6
-Шинэ сургууль барина гэхээр А байрыг буулгаад дахиж сургууль барина гэсэн үг үү?
-Тийм одоо хичээл орж байгаа А байрыг буулгаж шинээр 940 хүүхдийн багтаажтай сургууль барина гэсэн үг. Угаасаа нэг барилга нь актлагдаад хүүхдүүдээ хувааж хичээллүүлж байгаа болохоор шинээр сургууль барьж өгнө гэж байсан юм. Гэтэл биднийг газраасаа өгөхгүй бол үүнийг барихгүй байх тухай ярьж байна.
6
-Хотын захирагчийн ажлын албатай уулзсан уу?
-Бид Э.Бат-Үүл даргатай уулзах гээд очоод нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлогын зөвлөх Л.Ганхөлөг гэх хүмүүстэй уулзсан. Тэд бидний асуудлын хүлээн авч, шийдвэрлэж өгөх тал дээр анхаарна гэсэн.
6
-Танай сургууль биеийн тамирын талбай байхгүй гэсэн. Энэ хоосон байсан хэсэг газраа талбайн болгон тохижуулж болдоггүй байсан юм уу?
-Яг энэ хэсэг газарт долоон байгууллагын 13 траншей, дулааны шугам сүлжээ байдаг гэсэн. Тэгээд биднийг ямар нэгэн зүйл хийх гэхээр хориглодог юм. Гэтэл дүүргээс бол шууд авчихаж болдог л юм байна.
6
-Герман Монголын хамтарсан сургууль шүү дээ. Энэ асуудал нөгөө талд хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Германы талаас багш нарыг сургалтад хамруулах болон маш олон ажлыг 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийдэг. Хэрэв бид хичээлийн нэг байраа алдвал хөрөнгө оруулалтаа татах магадлал бий.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ