Төсвийн зарцуулалтаа ил тод болгохыг Засаг дарга нарт даалгажээ
Орон нутагт хуваарилагдан очиж буй хөрөнгө мөнгөний зарцуулалтыг ил тод болго гэсэн үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр ээлжит цахим хурлынхаа үеэр аймгийн удирдлагуудад өгчээ.
Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэсэн дөрвөн чиглэлээр аймаг, сумдад хэдэн саяас хэдэн тэрбум хүртэл төгрөг хуваарилагдан очиж байгаа юм. Энэ хөрөнгөөс ямар зориулалтаар, хэнд хэзээ хэдэн төгрөгийн зээл олгосон, эргэн төлөлт нь ямар хуваарьтай байгаа гэх мэт мэдээллийг иргэддээ ил тод болгохгүй бол орон нутагт газар авсан намчирхал, талцал хумигдахгүй гэж Засгийн газрын тэргүүн хэлжээ.
Түүнчлэн, орон нутагтаа шийдэх боломжтой асуудлуудыг Засгийн газрын тэргүүнд хаяглах нь элбэг байна, энэ нь төрийн захиргааны байгууллагуудаас иргэдэд мэдээлэл өгөх арга хэлбэр оновчгүй байгааг харуулж байна. Иймд цаашид аймгийн удирдлагууд сард нэг удаа орон нутгийнхаа телевиз, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдтэйгээ шууд ярилцлага хийхийг үүрэг болгосон байна
Ажлаа сар сараар нарийвчилж гаргасан төлөвлөгөө Засаг дарга нарын өрөөнд байх ёстойг Ерөнхий сайд сануулаад зорилтоо оновчтой тодорхойлж, ажлаа зөв төлөвлөөгүйгээс олон ажил саатдаг, үүний жишээ бол 2013 оны 8 дугаар сарын 23-наас өмнө гэрээгээ байгуулж чадаагүй худалдан авалтын мөнгийг татсан явдал гэж ЗГХЭГ-аас анхааруулжээ Тариалан эрхлэлтийг дэмжих санд улаан буудай тушаасан, буудайн урамшуулал авсан аж ахуйн нэгж, иргэдийн баримтын бүрдэлт, буцаан төлөлт, татвар төлөлтөд хяналт тавих шаардлагатайг ЗГХЭГ-ын холбогдох албаныхан хэлсэн байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ