11,5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлнэ
БОНХ-ийн сайд С.Оюун, ХБНГУ-ын Эдийн Засгийн хөгжлийн банктай хамтран ажиллах төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл нь бүс нутгийн хүн амын амьжиргааны нөхцлийг сайжруулах, тодорхой экологийн ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалж, тогтвортой менежмент хийх замаар биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах зорилготой аж. Төслийн хүрээнд зургаан тусгай хамгаалалттай газар нутаг болон эко-корридорыг хөгжүүлэхээр төлөвлөж, Германы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 11,5 сая евро зарцуулах юм байна.
Манай улс нийт нутгийнхаа 17.27 хувийг Улсын тусгай хамгаалалтад авчээ. Эдгээр тусгай хамгаалалттай газар нутгийн хүрээлэн буй орчны бүс, холбох эко-корридор зэрэг асуудлуудын менежментийн төлөвлөгөөг боловсронгуй болгох, хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, дэд бүтцийг сайжруулж, техник тоног төхөөрөмжөөр хангах, ажилтнуудыг сургах, ажиллагсдын чадавхийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа аж. Энэхүү хамтын ажиллагааны хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газруудыг тогтвортой санхүүжүүлэх механизмыг боловсруулах, менежментийг улам сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд онцгой ач холбогдолтой юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ