Оюутанд сурлагын амжилтыг харгалзан тэтгэлэг олгохоор болов
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаанаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
1
“Боловсролын тухай хуульд заасны дагуу, аттестатчилагдсан, сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад, энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сургалтын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно. Үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно” гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр уг хуулийн төслийг баталлаа.
1
Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа, тогтоолын төсөлд “ санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуур бүхий зохистой болгох, чөлөөт өрсөлдөөний орчин бүрдүүлэх, санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн бий болгох, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх чиглэлээр 2014-2016 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”, “валютын захад тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах”, “валютын захад банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн зах зээлийн бусад оролцогчийг идэвхтэй оролцуулах, ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн үүсмэл хэрэгслийг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор валютын арилжааны системийг бий болгох” арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан заалт нэмэх зэрэг зарим гишүүдийн гаргасан саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар танилцуулав.
1
Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. Монголбанк 2013 онд хэрхэн ажилласан, цаашид мөнгөний бодлогын талаар Засгийн газартай хэрхэн хамтран ажиллах гэж байгаа, төрийн өмчийн банк банкны системд байх эсэх, гадаад валютын уналтыг хэрхэн зогсоох гэж байгаа, түүний нөөц хэр байгаа, үнэ тогтворжуулах хөтөлбөр нь шударга өрсөлдөөний зарчимтай хэр нийцэж байгаа, Монголбанк гадаад валютын ханшийн ирэх жилийн төсөөлөл, аргачлал ямар байхаар тооцоолж байгаа, инфляцийг тогтвортой байлгах зорилт хэрэгжих боломжтой эсэх, Мөнгөний бодлогын Зөвлөлийг хэдийд байгуулах, Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөл валютын ханшийн өөрчлөлтийн үед хэрхэн ажилласан, чөлөөт, шударга, ил тод өрсөлдөөнийг бий болгох, монополийг задлах асуудал мөнгөний бодлогод хэрхэн тусгагдсан зэрэг асуудлын талаар гишүүд тодруулж асуув.
1
Үүний дараа зарчмын зөрөөтэй саналын томъёоллоор санал хураав. Тэдгээрийн дотор Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо авч хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий заалтыг нэмсэн саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн “Мөнгөний бодлогын гол зорилт нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, бодит салбарын идэвхжлийг мөнгөний бодлогоор дэмжих замаар эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэнэ”, “Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2014 оны эцэст 8 хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрэхгүй түвшинд байлгана. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу инфляцийг хязгаарлах, мөнгө, төсвийн бодлогын харилцан уялдааг хангах чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллана. Эдгээрийн үр дүнд дунд болон урт хугацаанд макро эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж өөрчлөн найруулсан зарим гишүүдийн санал дэмжигдэв.
1
Энэхүү зарчмын зөрөөтэй болон найруулгын саналын томъёоллоор санал хурааж дуусгаснаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж улмаар хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ