Эмэгтэй гишүүдэд “нөлөөллийн ил захидал” хүргүүлнэ

img

Өнгөрсөн сарын 11-нийг “Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэхүү өдрийг тохиолдуулан охидын эрхийг хамгаалах “Гүнж” төв хөөрхөн зүрхнүүдийн аянтай хамтран “Охидын эсрэг хүчирхийллийг зогсоо” сэдэвт олон нийт бодлого боловсруулагчдад чиглэсэн нэг сарыг аяныг өрнүүлжээ.

Энэхүү аянаараа нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Багахангай дүүрэг болон Төв аймгийн Баян, Эрдэнэ, Заамар сум, Дархан-Уул аймгийн ЕБС-ийн 6-12 ангийн 1200 сурагчийг хамруулан “Нөлөөллийн ил захидал” бүтээсэн байна.

Тэд өсвөр насны охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлж бүтээсэн захидлаараа өнөөдөр үзэсгэлэн гаргаж, өөрсдийн боловсруулсан хүсэлт, зөвлөмжөө холбогдох яамдын сайд, газрын дарга нарт  хүлээлгэн өгнө.

НҮБ-ийн байранд 14.00 цагт болох тус үйл ажиллагаанд УИХ-ын эмэгтэй гишүүд, НҮБ болон манай улсын хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг ТББ-ын төлөөлөл, өсвөр насны охид оролцоно.

Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буй асуудлын нэг бол бэлгийн хүчирхийлэл. Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны охидын тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэрэг 37 гарсан бол энэ онд 54 хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь мөн оныхоос 45,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын 56,7 хувь нь ураг төрлийн хүндээ хүчиндүүлсэн нь судалгаагаар тогтоогджээ. 29,7 хувь нь болзооны хүчин байдаг бол 13,6 нь гудамж, талбайн хүчингийн хохирогчид байдаг аж. Гэтэл ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг үйлдэгчдийн 14,3 нь төрсөн эцэг, 57,2 хувь нь хойд эцэг. Мөн 4,7 хувь төрсөн ах, 23,8 хувь нь төрөл садангийн ах нь байна гэсэн судалгааны үндэслэлтэй мэдээлэл байдаг.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ