Ц.Даваасүрэн: Үнэнд түшиглэсэн төсөв зохиосон
Улсын Их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар тодрууллаа.
6
-Төсвийн байнгын хорооны 3 дахь хэлэлцүүлэг өндөрлөлөө. Ямар асуудлыг гол болгон, ямар асуудалд зарчмын өөрчлөлт оруулав. Ирэх оны төсвийг хэрхэн тооцож байна?
-2014 оны төсвийн хувьд өмнөх жилүүдийн төсвийг бодоход харьцангуй өсөлтгүй батлагдаж байгаа. 2011, 2012 оны төсвүүд 20-33 хувийн өсөлттэй явж байсан. 2013 оны төсвийн өсөлт 13 хувьтай байсан. 2014 оны төсөв бол 2013 оны тодотгол хийгээгүй төсөвтэй харьцуулахад 8 хувийн өсөлттэй. Тодотгол хийсний дараа харахад яг ижил түвшинд байна. Төсвийн хүрээний мэдэгдэлтэйгээ уялдуулж харах юм бол 17 тэрбум төгрөгийн зөрүү л гарч байгаа. Тэгэхээр бид 2014 оны төсвийг өмнөх оны төсвийн түвшинд баталж байгаа. Гэхдээ ирэх онд харьцангуй бодитой хэрэгжүүлье гэдэг агуулгаар зэсийн болон нүүрсний үнийг өмнөх онд авч байсан үнээс бууруулсан. Тухайлбал, 2013 онд нэг тонн зэсийг 8100 ам.доллароор авч тооцсон бол 2014 онд нэг тонн зэсийг 6200 ам.доллар байна гэж авч үзсэн. Нүүрсний үнийг 160 ам.доллароор тооцсон байсныг ирэх онд 110 ам.доллар байна гэж тооцсон. Бид нэлээн өсөлт харсан үнээр биш бодит байдалтай уялдуулсан үнэнд түшиглэсэн төсөв зохиосон.
5
-Ам.долларын ханш бодит байдалтай нийцэж байгаа юу?
-2011 онд жишээ нь, өндийд ам.долларын ханш 1700 төгрөг болж байсан. Тэр үед бас л 1300-гаар тооцоод төсөв баталсан. Дараа нь тэр түвшиндээ ороод л явсан. Тийм болохоор ам.долларын ханш өснө гэж төлөвлөж нийгмийг цочроож болохгүй. Яагаад гэвэл бид импортын хэрэглээтэй орон. Хэрвээ ам.долларын ханш өндөр болно гэвэл импортоор орж ирж байгаа бүх юмны үнэ өснө. Тэр зөрүүгээр жишээ нь нэг ам.долларын бүтээгдэхүүн тус бүр дээр 300 төгрөг нэмж зардаг болно. 10 долларынх бол 3000 төгрөг болчихно. Нэгэнт импортын хэрэглээ өндөр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл бага байгаа энэ нөхцөлд валютын ханш дээр төгрөг тогтвортой байх, чанга байх талыг анхаарч байхгүй бол болохгүй. Алс хэтдээ импортын орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдээд ирэхээр төгрөгийн ханшийг сулруулж, уян хатан болгох чиглэл рүү явах ёстой.
5
-Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан өрийн хэмжээний асуудлаар зөвшилцөлд хүрсэн үү?
-Хүрээгүй байгаа. Энд нэг зүйлийг ярьж байна. Бусад улс орнуудад ч байдаг. Хөгжлийн тодорхой нэг үед зээл авч хөгжлийг дэмжсэн дэд бүтцийн ажлуудаа хийдэг. Тэр чиглэлээр хоёр жилээр шалгуураа ухраая. 2 жилийн дараагаас ДНБ-ийг өрд харьцуулсан үнийн харьцаа 40-өөс доошгүй байна гэж тогтсон. Миний хувьд өрийн шалгуур үзүүлэлтийг авч үзэхэд нэг л шалгуур муудсан байна. Тийм учраас зээлээ аваад тэр авсан зээлүүд дээрээ зөв төслүүд шалгаруулаад явах юм бол болохгүй зүйл үгүй гэж харж байгаа. Жишээ нь, өнөөдөр бид өрийн дарамтыг тодорхойлохдоо 7 шалгуураар авч үздэг. Энэ долоогийн нэг нь ДНБ-ийн өрийн харьцаа л муудсан байгаа. Үүнийг олон улсын аргачлалаар авч үзвэл сэрэмжлүүлэг өгч байна гэж үздэг. 7 шалгуурын 3 нь муудсан байвал өрийн дарамтад орж эхэлж байнга гэж үздэг. 2017, 2022 оны үед харин зээлийн үйлчилгээний төлбөр буюу зээлийн хүүний үндсэн төлбөр, төсвийн орлогод харьцуулсан харьцаа муудах төлөв ажиглагдаж байгаа. Яагаад гэвэл тэр үед бонд төлөгдөж эхэлнэ. 2017 онд 500 сая ам.доллар, 2022 онд нэг тэрбум ам.доллар төлөх юм. Тэр үед 2 дахь харьцаа муудах төлөв байгаа. Түүнээс цааш зээл тогтвортой, өрийн дарамтгүй байх судалгааг Сангийн яам болон холбогдох байгуулллагууд хийсэн. Тэгэхээр энэ асуудалд намын бүлгүүд зөвшилцөөд шийдэх хэрэгтэй. Хийх ёстой ажил байна уу гэвэл байгаа. Гэхдээ бас л нөгөө мөнгөндөө хязгаарлагдаад байна. Тийм учраас зээл аваад явдаг. Компаниуд ч тэгдэг. Харин бид зээл төлөх схемээ гаргачихсан байх ёстой. 2017 онд яг, яаж зээлээ төлөх юм гэдгээ өнөөдөр шийдэх ёстой. Өрийн тооцоо, аргачлал схемээ боловсронгүй болгосон байх, үр ашигтай төсөл шалгаруулж зээл өгдөг механизмаа зөв болгох ёстой. Тэгэхгүй бол өнөөдрийнх шиг яваад байх юм бол, хэн нэгэн дур мэддэг байдлаар шийдэх юм бол ёстой өнөөх өрийн дарамтад орж, өрөө төлж чадахгүй болно.
5
-Энэ үзэл баримтлалаар зөвшилцөлд хүрч чадвал Төсвийн тогтвортой байдлын хуулиндаа өөрчлөлт оруулах уу?
-2014 оны төсөв хэлэлцэхэд энэ асуудал ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Төсвийн тогтвортой байдлын хуулинд хийх гэж байгаа өөрчлөлт бол Хөгжлийн банкаас санхүүжүүлэх гадаад эх үүсвэрийг бүрдүүлэх. Тэрнээс биш 2014 оны төсвийн алдагдалыг санхүүжүүлж байгаа бондын юм уу, эх үүсвэрийг бүрдүүлж байгаа үнэт цааснуудтай холбоогүй. Төсвийн хууль батлагдсанаараа батлагдаад л явна. Харин Тогтвортой байдлын тухай хууль батлагдахгүй бол Хөгжлийн банк санхүүжүүлэх эх үүсвэргүй л болно.
5
-Төсвийн тодотголоос хасагдсан барилгуудын асуудлаар Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. Энэ талаар тодруулаач?
-2013 оны төсвийн тодотголоос хасагдсан 200 гаруй обьект байгаа. Одоо 2014 оны төсөвт сууж чадаагүй 96 обьект байна. Энэ обьектуудын ажил нь эхэлчихсэн дуусгах шаардлагатай учраас цааш нь үргэлжлүүлэх ёстой гэсэн чиглэлийг өгч байгаа. Мөн 140 обьект тодорхой бус шалтгаанаар төсөвт өртөг нь нэмэгдэж удааширсан байгаа. Энэ бүгдийг Аудитын байгууллагаар шалгуулья. Төсөв өртөг нь үнэхээр нэмэгдсэн юм уу. Удааширсан шалтгаан нь юунаас болсон бэ гэдгийг тодотгосны дараа зөвхөн хөрөнгө оруулалтын жагсаалтыг тодотгоно. Тэгээд санхүүжих эрхийг нь дөрөвдүгээр сараас нээгээд явна. Дуусаагүй барилга үлдээнэ гэдэг хэцүү. Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас үүдэн дуусгах боломжгүй ч болж магадгүй. Тэгэхээр 96 обьектийг дуусгах чиглэлд анхаарч ажиллаарай гэж Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. Мөн ажил нь эхэлчихсэн зам гүүр, эрчим хүчний ажлуудыг Хөгжлийн банк руу шилжүүлья гэсэн шийдвэр гаргасан. 144 барилгын хувьд санхүүжилт нь Сангийн сайдын багцад суугаад явж байгаа.
5
-2014 оны төсөвт шүүгч нарын цалингийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн долдугаар сард шүүгчдийн цалинг нэмчихсэн. Тэр хэмжээнд нь байлгасан. Харин урамшуулал олгоход шаардлагатай 15 тэрбум төгрөгийг шийдвэрлэж төсөвт суулгасан байгаа. Энэ шийдвэр батлагдсаны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс урамшууллаа хэрхэн яаж олгох вэ гэдэг асуудлаа УИХ-д оруулж ирэхийг даалгасан.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ