UB-56 төслийн ажил 85 хувьтай байна
УБЦТС-ээс 36 мянга гаруй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах, хэт ачаалагдсан зарим дэд станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор хийгдэж буй 5 тэрбум төгрөгийн өртөгтэй, UB-56 төслийн ажил 85 хувьтай явагдаж байна. Дээрх айлуудад Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу Зүүнсалаа Баруунсалаа Монлаа, Баянзүрх дүүргийн Монель Амгалан, Чингэлтэй дүүргийн Тасган Зүрх-Уул, Хан-Уул дүүргийн Нисэхийн зарим хэсэг, Сүхбаатар дүүргийн Бэлх Сэлх 7 буудал Хайлааст Согоот Хангайн гудамж багтаж буй аж.
Өвлийн ид ачааллаас урьтаж өөрийн хүч, хөрөнгөөр хийж байгаа энэхүү төслөөр 35 кВ-ын Дашчойнхор, Баянхошуу дэд станцуудын чадлыг томсгож байна. Мөн 10/0.4 кВ-ын 39 дэд станц шинээр барихын зэрэгцээ 6-10 кВ-ын цахилгаан дамжуулах 15 агаарын шугамыг өргөтгөх тухайгаа УБЦТС ХК-аас мэдээлэв.
Өнгөрсөн өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Зээлийн 4, 63-68, Мандалын 1, 2, 13, Зүүнбаян-Уулын 5, 6 дугаар гудамж, Хөтөл, 7-р хороо Баянхошууны хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарлан, 6 кВ-ын Овоот цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлтийн ажил дуусч, энэ сарын 7-ны өдрөөс эхлэн эдгээр цэгүүдийг цахилгаан эрчим хүчээр хэвийн хангаж эхэллээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ