500 метрт 50 саяыг зарлагадна
Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөг буулгажээ. Эрдэнэт үйлдвэрийн өмнө байсан уг хөшөөг нутгийн удирдлагын ордныхоо өмнө байрлуулах юм байх. Хөшөөг хоорондоо 500 метрын зайтай газарт зөөхөд 50 гаруй сая төгрөг зарцуулахаар төсөвлөснийг хэвлэлийн төлөөлөгч Баттогтох нь дуулгалаа. А.Амар төр нийгмийн зүтгэлтэн учраас хөшөө нь захиргааны өмнөх байрлах ёстой гэнэ. Харин оронд нь анхдагчдад зориулсан дурсгал босох аж.
5
Хэн гуайн хөшөөг хаашаа нүүлгэх нь чухал асуудал биш. Харин 500 метрын зайд зөөхдөө 50 сая төгрөг зарцуулж байгааг ойлгохгүй байна. Энэ мөнгөөр зөөгөөд бас засварлах юм гэнэ. Өнгийг нь сэргээж будахаас цааш хэтрэхгүй л болов уу. Ийн сая саяар хөшөө нүүлгэдэг сонин гажиг тогтов. Д.Нацагдоржийн хөшөөг 78 саяар зөөсөн. Ленинд бас багагүй мөнгө зарлагадсан нь мэдээж. Тухайн үеийн даргад л таалагдахгүй бол хаашаа ч нүүлгэж, хаана ч аваачиж хаяж болзошгүй. Тэгэхээр Ё.Отгонбаяр гишүүний жиргэснээр хөшөөнүүдийг дугуйтай болгоё. Нүүлгэхэд хялбар. Хамгийн чухал нь арай баримжаатай мөнгөний тоо сонсогдоно байх.
5
Шинэ хөшөө босох хэмжээний хөрөнгөөр нэгийг нөгөө тийш зөөж тоглодгоо болимоор юм. Хийх ажил олдохгүйдээ хөшөөг нүүлгэж суулгадаг юм гэхэд төсвийн хөрөнгө хайран биш гэж үү. Зөөлөн сэнтийд тохуурхаад суудаг байж болно. Харин төрийн мөнгөөр тоглохгүй байвал яасан юм, энэ эрх мэдэлтнүүд.
5В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ